Сүүлийн жилүүдэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн өсвөр насны охид биеэ үнэлэж буруу замаар хөл алдан явах болсон нь ихэссэн. 14-15 настай болов уу гэмээр охид шөнийн клубын үүд сахиж архи тамхи хэрэглэн задгай хувцас өмсөж биеэ үнэлэгч болсоор л байна.
Биеэ үнэлэгч өсвөр насны охид баарны үүдэнд зогсоод, эсвэл орж суугаад эрчүүдийг хайн өөрсдөө очиж асуудаг байна. Ингэж тэд үнэ хөлсөө тохирсний дараа эрчүүдийг даган явж энд тэндхийн буудал руу ордог байна.
Тэднийг илрүүлж барьж хоридогч нотолгоо байхгүй гээд л явуулчихдаг болхоор шөнийн эрвээхэй болох биеэ үнэлэгч нарын тоо буурахгүй байна. Харин нийслэлийн Цагдаагийн газраас үүнийг цэгцлэх талаар тодорхой арга хэмжээ авахаар зэхэж байгаа гэнэ. Тодруулбал, биеэ үнэлэгчдийн дунд судалгаа явуулж, сонин хэвлэл дээр гарсан материалуудыг нэгтгэн шийдвэр гаргах байгууллагад нь дүн, саналаа өгөх гэж байгаа аж.
Биеэ үнэлэж байсан нь баттай болгох ямар нэг баримт, шинжилгээний бичиг гэх мэтийг шаарддаг аж. Ийм шаардлагыг биелүүлэх нь амар биш тул бараг шүүхэд шилждэггүй захиргааны арга хэмжээгээр л зохицуулагдаад өнгөрдөг байна.
Тиймээс ч биеэ үнэлэгчдийн тоо төдийлөн буурахгүй харин ч насанд хүрээгүй охид, оюутнуудаар хүрээгээ тэлэн улам өргөжих хандлагатай байгаа.
Цагдаагийн байгууллагийнхны үзэж байгаагаар биеэ үнэлэгчдийг зөвхөн баривчлаад тавих биш баривчлах хугацаандаа хөдөлмөр эрхлүүлэх саналтай байгаа юм байна. Энэ нь биеэ үнэлэгчдийг нийгэмшүүлж, бусадтай харилцах хандлагыг нь өөрчилнө гэдэгт цагдаагийнхан итгэж байгаа аж.
Түүнээс гадна хөдөлмөрийн хөлсийг олон дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль тавьж байх саналыг ч хууль тогтоох байгуулагад хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр урьдчилан сэргийлж аль болох багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм.