Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Уг шийдвэр хэрэгжиснээс хойшхи 2 хоногийн үр дүнг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Замын цагдаагийн албанаас танилцууллаа.
Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 8 дугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг доор үзүүлэв.
Зүүн эргэлтийг хязгаарласантай холбоотойгоор нийт 25 цэгт 07-21 цагийн хооронд 37 албан хаагч ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.