Энэ удаагийн дугаарын зочноор залуу дуучин Т.Цогсогмааг урилаа. Тэрээр “Хайрын минь эзэн” шинэ дуугаа дүрсжүүлснээс гадна “Гэрэлт үзэсгэлэн гоо” анхны цомгоо өлгийдөж аваад удаагүй байна.
-Дуучин бүсгүй сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвинтай байгаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
– Та бүхэнтэй уран бүтээлийн олз омог ихтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бие даасан болон хоёр найзтайгаа хамтарсан уран бүтээлүүд маань ар, араасаа цуварч байна. Бид “Намрын бороо” гээд шинэхэн дуугаа өлгийдөж авлаа. Удахгүй дүрсжүүлээд сонсогчдодоо хүргэнэ. Мөн A Cool ахтай хамтраад “Хайрын тэнгис” гээд сайхан үг, аялгуутай дуу хийсэн. Үүнээс гадна анхны бие даасан цомгийн ажилдаа орсон гээд энэ зуныг үр бүтээлтэй, олз омог, эрч хүчтэй өнгөрөөж байна.
-“Гэрэлт үзэсгэлэн гоо” цомог “Hi fi records”-ийн эрэлттэй цомгийн тоонд багтсан байна лээ?
-Ээжийн тухай дуунаас бүрдсэн цомгоо гаргаад удаагүй байна. Өөрсдөө бүсгүй хүн болохоор ээжийн тухай дуу дуулахад сайхан байсан. Мөн хүсэл зорилго нэгдсэн найзуудтайгаа хамтарсан болохоор бэрхшээлтэй бүхнийг даваад гарлаа. Хүмүүсийн сэтгэлд хүрч, жаахан ч гэсэн уярал, сэтгэлийн таашаалыг өгч чадсан бол тэр л бидэнд асар их урам, цаашдаа уран бүтээл хийх эрч хүчийг өгнө.
-Дууны сонголтууд гайхалтай байсан. Магадгүй продюсер чинь зөвлөсөн үү?
–Цомгийн ажил эхлэхээс дуусах хүртэл бүх ажлыг “Номин талст” хамтлагийн дуучин Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн ах гардаж хийсэн. Цомгийн санаа, дууны сонголт, найруулга, видео клип гээд бүх зүйлийг төгс байхаар ажилласан. Мөн бидэнд үргэлж урам өгч, цаг ямагт дэмжиж байсанд нь ахдаа баярласнаа илэрхийлье.
-Яагаад ээжийн тухай дуунуудыг сонгосон юм бол?
-Бид гурав ирээдүйд ээж болно. Мөн Дээгий ах маань энэ цомгийг хайрт ээж болон гэргийдээ зориулахыг хүссэн юм. Цомог маань “Номин талст” хамтлагийн анхны цомогтой ч уялдаатай. Учир нь тухайн үед хамтлагийн ах нар ээжүүддээ зориулж анхны цомгоо ээжийн тухай дуунуудаар бүрдүүлж байсан юм билээ. Энэ мэт олон бэлгэшээлтэй хувь тохиол бүрдсэн.
-Х.Авирмэд, Э.Мөнхцэцэг, Т.Цогсогмаа гэсэн гурван бүсгүй ямар хувь зохиолоор учирсан бэ?
-Бид гурав 2012 оны “Universe best songs” наадамд тус, тусдаа өрсөлдөж байлаа. Тэр үеэс хойш найзууд болж нөхөрлөсөн. Уулзахаараа хамтдаа дуу гаргах сан гэж үргэлж ярьдаг байлаа. Энэ жилээс яриагаа ажил хэрэг болгохоор шийдээд “Хонгор найз минь” гэсэн эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн сэдэвтэй анхны дуугаа гаргасан юм.
Үүнээс хойш удалгүй Дээгий ах хамтарч ажиллах санал тавьсан. Энэ бол дөнгөж урлагийн хаалгаар орох гэж яваа залуу уран бүтээлч бидний хувьд хамгийн том аз, алтан боломж байсан л даа. Энэ үеэс дахиад уран бүтээл хийх урам зоригийн гал дүрэлзсэн гэхэд болно.
-Дуучин Т.Дэлгэрмөрөн Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ, авьяаслаг гурван бүсгүйг хөтөлсөөр орж ирлээ хэмээн олон хэвлэлүүд бичсэн. Магадгүй олны хэл амнаас айх ч юм уу, жаахан эмээх сэтгэл төрж байсан уу?
–Бид энэ урлагт хайртай, нэгэнт л шийдээд, зориглоод орж ирсэн болохоор айх зүйл байхгүй.Мөн биднийг дэмжиж, туслах ах минь байгаа болохоор зөвхөн уран бүтээлдээ анхаарлаа хандуулахаар шийдсэн. Биднийг дэмждэг олон хүн та гурав хамтдаа дуулаарай гэж захидаг. Тэдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хөдөлмөрлөх болно. Мөн рок попын олон ах эгч нар биднийг дэмжиж, урам өгч байгаа.
-Та гурвыг албан ёсоор хамтлаг болсон гэж ойлголоо. Хамтлагтаа нэр өгөхгүй юм уу?
-Одоохондоо ямар нэр өгөх талаар тухтай ярилцаагүй байна. Сайн ярилцаж байгаад тохирсон гоё нэр сонгоно гэж бодож байгаа. Хамтлагтаа нэр өгч амжаагүй хэр нь дараагийн цомгийн ажилдаа орчихсон явж байна. /инээв/
Үргэлжлэлийг энд дарж уншина уу