Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн шалтгаан

Жирэмсэн үед толгой өвдөлтийн тухай
Толгой өвдөлт жирэмсний явцад элбэг тохиолддог бөгөөд ялангуяа эхний болон гурав дах гурван сард илүүтэй ажиглагддаг. Жирэмсэн болохоос өмнө илэрдэг байсан толгой өвдөлттэй энэ хэлбэрийн толгой өвдөлт төстэй байдаг. Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ихэнхдээ тенсион хэлбэрийн толгой өвдөлт байдаг. Харин мигрень болон энэ хэлбэрийн толгой өвдөлт цөөн тохиолддог байна. Толгой өвдөлтийн бусад шалтгаануудад нойр дутуу байх, өлсөх, сэтгэл гутрал, стресс, цусны сахар бага байх, усгүйжилт зэрэг ордог.

Толгой өвдөлтийг бие даасан толгойн өвдөлт байна уу? Преэклампсийн үед артерийн даралт ихэссэнтэй холбоотой үүссэн өвдөлт байна уу? гэдгийг ялгаж оношлох нь чухал ач холбогдолтой.

Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн шалтгаанууд

  • Жирэмсний эрт үед дааврийн олон янзын өөрчлөлтүүд гардаг. Эстроген болон хорионы гонадотропин дааврын түвшин нэмэгддэг нь жирэмсэний эрт үеийн толгой өвдөлтийн шалтгаан болдог. Зарим эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уух үед толгой өвдөх шинж тэмдэг илэрч болдог бөгөөд ийм хүмүүст жирэмсний эхний хэдэн сард энэ шинж тэмдэг илүү тод илрэх хандлагатай байдаг.
  • Хангалттай амарч чадахгүй байх нь толгой өвдөлт үүсэхэд нөлөөлдөг. Орой унтахын өмнө халуун сүү уух, намуун аятай хөгжим сонсох нь амралт болон амархан унтахад тус болдог.
  • Жирэмсэн үед цусны эргэлтийн олон өөрчлөлт гардаг. Жирэмсний дунд үе болоход таны биед жирэмсэн биш байсан үеийнхээс 40-60% илүү шингэн хуримтлагддаг. Энэ нь таны цусны судсанд учрах даралтыг нэмэгдүүлэх бөгөөд шингэний хэрэгцээг улам нэмэгдүүлдэг. Хэрэв шингэн юм хангалттай уухгүй бол усгүйжилд ордог тул өдөрт найман аяга ус уухийг зөвлөдөг.
  • Цусан дах сахарын хэмжээ буурах. Энэ нь жирэмсний үед сахарын болон уургийн хэрэгцээ өсдөгтэй холбоотой гарч ирдэг.
  • Стресс ба санаа зовсон байдал. Жирэмсэн болсонтой холбоотойгоор гэр бүлийн харилцаанд болон санхүүгийн байдалд өөрчлөлт гардаг. Эдгээр нь ихэнх эмэгтэйчүүдэд санаа зовох үндсэн шалгаан болдог байна.
  • Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болоод каффейн эсвэл сахар хэрэглэхээ болисноос болж толгой өвдөж болно. Эдгээрийг өмнө нь их хэрэглэдэг байсан бол гэнэт хэрэглэхээ болисноос аажим зогсоох нь үүнээс зайлсхийх арга болно.

Жирэмсэн үеийн толгой өвдөлтийн ямар хэлбэрүүд байдаг вэ?

Тенсион хэлбэрийн толгой өвдөлт 
Тенсион хэлбэрийн толгой өвдөлт бол хамгийн элбэг тохиолддог толгой өвдөлт юм. Энэ нь ихэвчлэн толгойн хоёр талд дарж, шахаж байгаа юм өвдөлтөөр шиг илэрдэг. Үүний хамгийн гол шалтгаан бол нойр муутай байх, сэтгэл гутрал, каффейн хэрэглэхээ гэнэт болих зэрэг юм. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлт мөн тенсион хэлбэрийн толгой өвдөлтийн шалтгаан болно. Хангалттай амрах, тогтмол дасгал хийх, сайн унтах зэрэг нь толгой өвдөлтийг бууруулахад тустай. Хэрэв толгой өвдөлт илэрвэл сайн амрахаас гадна массаж хийлгэх, толгойдоо жин тавих зэрэг аргуудын хэрэглэж болно. Телинол бол толгой өвдөлтийн үед хэрэглэж болох гаж нөлөө багатай эм юм.

Мигрень хэлбэрийн өвдөлт
Эмэгтэйчүүдийн 18% нь амьдралынхаа хэзээ нэгэн цагт энэ хэлбэрийн толгойн өвдөлтийг үзэж байсан байдаг байна. Мигрень хэлбэрийн толгой өвдөлтийн үндсэн шинж бол ихэвчлэн толгойн нэг талд хүчэй лугшсан хэлбэртэй өвдөлт илрэх юм. Үүний шалтгаан бүрэн тогтоогдоогүй байгаа бөгөөд тархины цусны урсгалын өөрчлөлийн улмаас үүсдэг гэж үздэг. Мигрений үед дотор муухайрах, гэрэл болон чанга дуу чимээнд мэдрэг болох шинж тэмдэг илэрч магадгүй байдаг. Зарим хүмүүст энэ хэлбэрийн толгой өвдөлтөөс хэдэн минутын өмнөөс ”аура” үе ажиглагддаг байна. Аура үед харааны өөрчлөлт илрэх, хэл яриа өөрчлөгдөх, нүүр болон гар бадайрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Мигрень хэлбэрийн өвдөлт ихэвчлэн жирэмсний эхний гурван сард цөөн тоотой илэрдэг. Зарим эмэгтэйчүүдэд мигрень хэлбэрийн толгой өвдөлт улам илүү илэрдэг бол харин заримд нь жирэмсэн болсоноор алга болдог байна. Энэ хэлбэрийн толгой өвдөлтийн бууруулахын тулд сайтар унтаж амарч байхаас гадна шаардлага гарвал эмийн бодис хэрэглэж болох бөгөөд ямар эм хэрэглэхийг эмчээсээ асууж ярилцаарай. Мигрень өвдөлтөнд хэрэглэдэг зарим эмийг жирэмсэн үед хэрэглэж болдоггүй бөгөөд эмч танд өөр зөвлөгөө өгч магадгүй.

Жирэмсэн үеийн артерийн даралт ихдэлтийн үеийн толгой өвдөлт 
Жирэмсний хоёр болон гурав дах гурван сард толгой хүчтэй өвдөх нь преэклампситай холбоотойгоор үүссэн артерийн даралт ихсэлтийн шинж тэмдэг байж болно. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн таваас арван хувьд илэрч болдог. Преэклампсийн үеийн толгой өвдөлт бол байнгын үргэлжилсэн, хүчтэй лугшсан зэрэг шинжтэй байхаас гадна нүд бүрэлзэх, нүдэнд оч харагдах зэрэг харааны өөрчлөлт илрэх, биеийн жин огцом нэмэгдэх, нүүр, гар зэрэг биеийн хэсэгээр хавагнах, зарим үед аюулхайд хөндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэгүүд хамт илэрдэг. Хэрэв танд толгойн өвдөлттэй хамт дараах шинж тэмдэгүүдээс илэрвэл даруй эмчид үзүүлээрэй.

Толгойн өвдөлтөнд тустай ямар аюулгүй арга хэмжээ авч болох вэ?

Өвдөлт юунаас болсныг тогтоох 
Толгойн өвдөлт үүсэхэд нөлөөлөх ямар нэгэн хүчин зүйл байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Тухайн өдөр идсэн хоолны нэр төрлүүдийг бичээд толгойн өвдөлт хэдэн цагт эхлэснийг бас тэмдэглэнэ. Зарим мигрень хэлбэрийн толгой өвдөлт үүсэхэд моносод глютамат агуулсан хүнсний бүтээгдэхүүн, нитрит (ихэнх хиам, салями, зайдас, гахайн утсан мах зэрэгийг боловсоруулахад ордог), сульфит(салад хадаглахад ордог мөн хатаасан жимсэнд агуулагддаг), сахар орлуулагч, зарим төрлийн шош, самар, удаан хадагласан бяслаг, химийн боловсоруулалт их орсон үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүн(иогурт, тослог өндөртэй сүү, цөцгий ), зарим шинэ жимснүүд (банан, цитрусийн төрлийн жимснүүд), утсан загас, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд сэдээгч хүчин зүйл болж өгдөг байна. Мөн хурц гялбасан гэрэл, чанга дуу чимээ, хэт халуун болон хүйтэн, хурц үнэр, согтууруулах ундаа болон тамхи зэрэг нь толгой өвдөлт үүсэхэд нөлөөлдөг байна.

Жин тавих
Тенсион хэлбэрийн толгой өвдөлтийн үед дух болон хүзүүний хэсэгт халуун эсвэл хүйтэн жин тавьж болно. Мигрений үед бол хүйтэн жин сайн үр дүн үзүүлдэг.

Толгойгоо угаах
Мигрень хэлбэрийн толгой өвдөлтийн үед хүйтэн усанд толгойгоо угаах нь цусны тэлсэн судсыг агшааж толгой өвдөлтийг түргэн хөнгөвчилдөг энгийн арга юм. Хэрэв та толгойгоо угааж чадахгүй бол хүйтэн усаар нүүрээ угааж болно. Харин тенсион өвдөлтийн үед халуун усанд орж болно.

Массаж хийлгэх
Хэрэв танд цаг болоод мөнгө байвал мэргэжлийн хүнээр бүтэн биеийн массаж хийлгэж болно. Тенсион толгой өвдөлтийн үед толгой, хүзүү, мөр болон нуруунд массаж хийх нь тохиромжтой арга болдог.

Ойрхон зайтай бага хооллох
Бага хэмжээтэй, уургаар баялаг хоолоор ойрхон хооллох нь таны цусан дах сахарын хэмжээг тогтвортой байлгахад тус болдог. Шингэн зүйл сайн ууж байх нь усгүйжилтээс сэргийлэх болно.

Ядрахаас зайлсхий
Өдөрт хангалттай амарч байх хэрэгтэй. Хэрэв танд мигрень хэлбэрийн толгой өвдөлт байдаг бол гэрэл багатай тайван орчинд намуун хөгжим сонсож унтахыг оролдоорой.

Дасгал тогтмол хий
Зарим баримтаас үзэхэд тогтмол дасгал хийх нь мигрень өвдөлтийн давтамж болон хүчийг бууруулдаг. Мөн тенсион өвдөлтийн шалтгаан болох стрессийг багасгадаг байна. Гэхдээ дасгалыг аажим эхлэж тохируулж хийх хэрэгтэй.

Амрах чадвар эзэмших
Бясалгал, иога зэрэг нь стрессийг бууруулж зарим толгойн өвдөлтийг намдаадаг.

Зүү эмчилгээг бодож үзэх
Зүү эмчилгээ нь жирэмсний үед сөрөг нөлөө багатай бөгөөд толгойн өвдөлтөнд үр дүнтэй болохыг тогтоосон байна. Энэ талаар эмчтэйгээ ярилцаарай.

Хэдийд эмчтэйгээ холбоо барих вэ?

  • Хэрэв таны жирэмсний хоёр болон гурав дах гурван сард толгойн өвдөлт хүчтэй илрэх эсвэл анх удаа толгой өвдөлт преэклампсийн шинж тэмдэгүүдтэй хамт илэрвэл даруй эмчдээ үзүүлээрэй. Преэклампсийг оношлохын тулд таны даралтыг үзэхээс гадна шээсний шинжилгээ хийлгэх болно.
  • Толгойн өвдөлт халууралт болон хүзүүний хөшингөтэй цуг илрэх
  • Толгойн өвдөлт улам ихсэхийн зэрэгцээ нүд бүрэлзэх, харааны өөрчлөлт илрэх, хэл ээдрэх, нойрмог байдалтай болох, гар хөл бадайрах, хэвийн мэдрэхүй өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл
  • Унах юмуу толгойгоо цохих, юм мөргөх зэргийн дараа толгойн өвдөлт илэрвэл
  • Хамар битүүрэх болон нүдний доогуур хөндүүр болох эсвэл шүд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хамрын дайвар хөндийн үрэвсэл болсон байж магадгүй тул зохих шинжилгээг хийлгэж антибиотик эмчилгээ хийнэ.
  • Хэрэв танд өмнө нь толгойн өвдөлт илэрч байсан бол жирэмсэн үеийн толгой өвдөлтийн талаар эмчтэйгээ ярилцан ямар шинжилгээ, эмчилгээ хийлгэх нь танд хамгийн сайн сонголт болохыг шийдээрэй.

 

eruuludam.mn

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …