Бурхан багш эхээс мэндэлж долоон Бадамлянхуа цэцгэн дээр алхаж, эгэлгүй их хувь заяатай нэгэн гэдгээ харуулсан сайхан түүхтэй гэрэлт хөшөөний нээлт маргааш Гандантэгчинлэн хийдэд 09.00 цагт болно.
Бурхан багшийн эхээс мэндэлсэн тэрхүү гэрэлт дүрийг харуулсан хөшөө дурсгал дэлхийн цөөнгүй оронд байдаг бөгөөд Монгол Улсад анх удаа энэхүү гэрэлт хөшөөг бүтээж байгаа юм.
Хүүхэд багачуудын төдийгүй хүн төрөлхтөний сайн сайхны төлөө эгэлгүй сайхан бүхнийг бэлгэддэг “Бяцхан Будда”-г бүтээх буянтай ажлыг “Сод Монгол Групп” ХХК ивээн тэтгэж, “БЦХЦ” ХХК-ийн захирал, уран барималч С.Болдбат урласан байна.
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн төв хэсэгт байрлуулсан уг гэрэлт хөшөөг маргааш нээх үеэр сүсэгтэн олонд зориулж Цогчин хурал хийдийн лам хуврагууд бурхны ном хурахаас гадна сүсэгтэн олонд зориулан урлагийн тоглолт болно. Шинийн гуравны билигт сайн өдөр тохиож буй тул Аравнай хурж, маань хөгжөөх буян номын энэхүү арга хэмжээнд сүсэгтэн олон оролцоход нээлттэй бөгөөд хүүхэд багачуудаа ч оролцуулах боломжтой аж.