Өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдөр хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар “Улаанбаатар Иргэдийн Форум” болон оршин суугчид хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Сүхбаатар дүүрэгт байрлах Улсын их дэлгүүрийн өмнөх хэсэг газрыг хэвээр нь авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэд хэвлэлийн хурлын үеэрээ хэлэхдээ: “Улаанбаатар Иргэдийн Форум”-ын гишүүн н.Цэрэнжав “Наймдугаар сарын эхээр гэнэтхэн Улсын Их дэлгүүрийн урд хашаа хатгаад, барилга бариад эхэлсэн. Мэдээж үүнийг оршин суугчид эсэргүүцсэн юм. Зөвхөн тэнд машин орж гарахтай холбоотой зураг төслийг нь үзэхэд мэргэжлийн хүмүүс маш их шүүмж хэлж байна. Барилгын норм, дүрэм стандартыг зөрчсөн нь тодорхой байна. Зургийг нь харахад маш гоё зураг байна. Гэхдээ тэр зурагт бид итгэхгүй байгаа. Тэгэхээр бид үүнийг эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын нягтрал хэрээс хэтэрлээ. Хотын төвд хүний хөл хөдөлгөөний нэмсэн аливаа үйл ажиллагаа гинжин урвалаар нөлөөлнө. Бид Улаанбаатар хотоо эцэс төгсгөлгүй чигжээд байх болохгүй” гэв.
Хуульч н.Үлэмж: “Энэ ажил 2016 оны хоёрдугаар сараас эхэлсэн байдаг. НЗД-ийн А127 гэдэг захирамж байгаа. Гудамж төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил байсан юм шиг байгаа юм. Энэхүү захирамжийн дагуу НЗДТГ, Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассациоци хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд хууль зөрчсөн олон асуудал байна. Засаг дарга н.Гэрэлчулуун гэдэг хүнд гэрээ байгуулахыг даалгаагүй. Монголын барилгын хөгжлийн Үндэсний ассоциаци гэдэг нь өөрөө ТББ. Энэ гэрээний үндсэн дээр энэ хоёр байгууллага ашиг олох гээд байна. Тэгэхээр бидэнд яриад байгаа шиг гудамжийг гоё болгох гэж байгаа боловч доошоо баригдах байгууламжууд ашгийн төлөө болох гээд байгаа юм. Б. Цэрэндоржийн гудамж Улаанбаатар хотын амин сүнс юм. Бид түүх рүүгээ нулимах гээд байна” гэв.
Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн н.Туяасайхан “Би энд гурван үеэрээ амьдарч байна. Бид Улаанбаатар хотыг сайхан болгохыг эсэргүүцээгүй. Бидний гол эсэргүүцэж байгаа зүйл бол газрын наймаа. Оршин суугчид бид газрын наймааг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Яг энэ талбайд бидэнд дэлгүүр хэрэггүй. Эргэн тойронд дэлгүүр бий. Хоёрдугаарт машины зогсоол хийнэ гэсэн. Энэ зурагт 8-10 эгнээ машин зурчихсан байгаа. 15 метр газарт найман эгнээ машины зогсоол барина гэнэ. Бидний эсэргүүцээд байгаа нь худлаа зураг, газрын наймаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Улаанбаатар өөрөө өндөр сайхан байшинтай байж биш 40-50 мянгатаа авч үлдэж байж Улаанбаатар болдог юм. Өргөнөөрөө 15-хан метр талбайг бид байгаагаар нь авч үлдмээр байна” гэв.