?????????????????????????????????????????????????????????

Монгол улсын Алдарт уяачид морио уях, уралдуулах боломж олгоё

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Ж.Эрдэнэбатын засгийн газар  ажиллаж эхлээд жил гаруй хугацааг үдсэн ч тэднээс олон зүйл хүсэн хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэл алдарч эхлэлээ.

Анх мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн тунхаглаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маань эхнээсээ мэргэжлийн бус сайдуудаар эгнээнээ тэлсэн. Сангийн сайдаар хувийн том группийн эзэн, эдийн засгийн мэдлэг боловсролоор маруухан, хувийн  ашиг сонирхолын зөрчилтэй Б.Чойжилсүрэнг томилохоос эхлэсэн сайдуудын буруу томилгоо иргэд олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн ч УИХ дах МАН-ын 65 гишүүдийн дэмжлэгийг авч бараг “хүчээр шахуу” томилуулсан. Гэвч үр дүн нь  өдгөө муу ажилласан, эдийн засгаа унагаасан Засгийн газраа огцруулахаас өөр аргагүй байдлын өмнө  МАН тулчихаад байна.

Гэхдээ бид энэ удаад Засгийн газрын тухай биш, харин  ХХААХҮ-ийн сайдын тухай энд ярих гэж байна.

 ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн гэж хэн вэ?

Боловсролын хувьд тэрээр МУБИС-ийг Биеийн тамирын багш мэргэжлээр анги төгссөн, хожим нь СЭЗДС-ийг санхүүч мэргэжлээр дүүргэсэн. Намтарт нь дурьдагдсан  АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан гэдгийг Хөдөө аж ахуйн мэргэжилтэй гэж үзэх болохгүй нь ойлгомжтой.  Тэрээр  1995-2009 онд “Ноён сүлд” ХХК буюу “Сүлд” телевизийн  захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан  нэгэн юм.

Түүнийг ХХААХҮ-ийн сайдаар П.Сэргэлэнг томилуулах үүргийг Ерөнхий сайдад МАН-ын дарга М.Энхболд өгсөн нь тодорхой. Учир нь тэрээр М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн үүрэгт ажлыг хашиж байсан хүн. Анхнаасаа Мэргэжлийн гэх засгийн газарт мэргэжлийн бус сайдыг  ийнхүү “шахсан” хүн нь МАН-ын дарга болж байгаа юм.

Гэвч  ХХААХҮ-ийн  бодлого үйл ажиллагаа урагштай байвал сайд нь уяач байх нь дүүрч гэж бодтол тийм биш гэнэ.  Төрийн албанд нэг ч удаа ажиллаж үзээгүй гэх П.Сэргэлэн сайд маань ноднин намар тариланчиддаа зориулж, газар лусыг аргадаж 1500 ламаар ном хуруулсан нь олон нийтэд ил болж, анхны “шашин төрийг хослон баригч сайдаар шалгарсан”. Түүний энэ их сүсэг бишрэлийг уяач “мэргэжилтэй” нь холбон ойлгож болно. Газар газрын уяачид маань хэзээнээс морь барих, уяхдаа лам хард хандан, өдөр судар тааруулдаг уламжлалтай. Уаячдыг мэдэх хүмүүсийн хувьд 1500 ном уншуулж, лус аргадаж, тариа будааны болцыг наашлуулах дээрх уламжлалт аргын тухайд гайхаад байх хэрэг биш.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ажлаа авахдаа “Би салбартаа эрс шинэчлэл хийнэ” хэмээн эрс шийдэмгий мэдпэгдэж байсан. Мөн сэтгүүлчидтэй уулзах үеэр Малын эмч нарын асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг хүссэн асуултанд хариулахдаа, “маш зөв асуудлыг хөндлөө, малыг эрүүлжүүлэхийн төлөө цаг наргүй ажилладаг малын эмчн нара анхааран ажиллана” гэж сайхан амлаж байсан ч өнөөдөр энэ бүхэн хоосон амлалт төдийхөнөөс хэтэрсэнгүй.

П.Сэргэлэн нэгэн ярилцлагадаа “Би уяач сайд гэдэг үгэнд эмзэглэдэггүй. Харин ч уяач сайд гэдэг үгийг зөв зүйтэй аваад явчих юмсан гэж боддог. Нөгөөтэйгүүр манай хөдөө аж ахуйн салбарт морь малаа гадарладаг, малчид уяачдынхаа зовлон жаргалыг мэддэг хүн байх ёстой. Би малчид, уяачдынхаа дунд 10 гаруй жил амьдарлаа…” гэсэн байна. Мань эр морь уядагаа бараг л энэ салбарыг мэддэг хүн гэж өөрийгөө ойлгож явдагаа энд байх юм.

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн наадамд морь уяах хоёрын хооронд алд дэлэм зөрүүтэйг П.Сэргэлэн сайдад хэлээд өгөх хүн байна уу?

Энэ жил нийт нутгаар гандуу, малын гоц халдварт өвчин энд тэнд гарсан хэвээр, газар тариалангийн бүс нутагт оройтож орсон их борооноос болж ургац авах боломжгүй болсон байхад Монгол улсын Алдарт уяач,  ХХААХҮ-ийн сайд маань уяагаа эргэсээр энэ зуныг үдсэн сурагтай.

Газар тариалан, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарынхан хэзээ  салбараа гарын арван хуруу шигээ мэддэг, номын дуу сонсож ногоотой шөлийг нь уусан сайдтай болох вэ хэмээн битүүхэндээ гаслан сууна.

Төрийн сайд албаны ширээний ард сууж бодлого явуулах ёстой болохоос морьны уяан дээр өнжих ёсгүй гэдгийг П.Сэргэлэн сайд хэзээ ойлгох хүн вэ?

Нэгэнт  ХХААХҮ-ийн салбарыг Алдарт уяач маань цаашид  удирдаж чадахгүй нь гэдгийг та ч харлаа, би харлаа. Харин одоо  Монгол улсын Алдарт уяачийг тэр бүр хийж чадахгүй байгаа  сайд хэмээх  “төрийн дарамттай ажил”-аас нь чөлөөлж, морь малаа  амар жимэр  уяаж сойн, баяр наадмын түрүү аван Монгол улсын Манлай, Тод манлай уяач болгох боломжийг нь олгож өгөх хэрэгтэй байгааг УИХ дах МАН-ын бүлэг болон олон нийт анхаарах цаг хэдийнэ болжээ.

Ц.Бат

Эх сурвалж: duulian.mn

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …