Авлигатай тэмцэх газрыг татан буулгая

 Монгол Улсын сан хөмрөг, эд баялаг, хөрөнгө мөнгийг завших, авлига авах, албан тушаалаа урвуулан ашиглах онц ноцтой гэмт хэргийг таслан зогсоох байгууллага нь Авлигатай тэмцэх газар. Монгол Улсын хөгжлийг гацааж, эдийн засгийг сааруулж буй хүчин зүйл нь авлига, албан тушаалын наймаа. Түүнтэй тэмцэх нэн шаардлага зүй ёсоор бий болсон учраас АТГ-ыг байгуулсан билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амтайхан явж ирсэн энэ байгууллагын үйл ажиллагаа иргэдийн итгэл сэтгэлийг алдаж байгааг харуулах үйл явдал сая болж өнгөрлөө.

 АТГ нам, улс төрийн даалгавраар ажилладаг гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Улс төрийн намын даргын сунгаанд хэн нэгнээ намнахад нь үүрэг гүйцэтгэгч байдлаар оролцох болжээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын даалгавраар тагнаж, чагнасан хэрэг угтаа тагнуулын байгууллагаар шалгагдах учиртай. АТГ-ын чиг үүрэг нь албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан, хөрөнгө мөнгө завшсан хэргийг харьяаллын дагуу шалгах ёстой. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Энэ чиглэлийн гэмт хэргийг шалгах субъект.

Гэвч АТГ өөр дээрээ энэ хэргийг авч, Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан, үүнд нь эрүүгийн хэрэг үүсгэж буй талаар хачирхалтай мэдээллийг АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдлээ. Хуулийнхан төдийгүй энгийн иргэд ч зочирдон хүлээж авлаа. “Өөрийгөө тагнана” гэдэг чинь юу билээ? “Өөрийгөө тагнах” гэдэг нэр томьёо Монголд байтугай дэлхийн түүхэнд хэрэглэгдэж байгаагүй нэршил ажээ.

Үнэхээр ийм мэдэгдэл хийсэн АТГ-ынханыг солиорчхоогүй байгаадаа гэх хүн ч байна. УИХ-ын гишүүн асан М.Зоригт твиттер хуудастаа “Би АТГ-ын мэдээлэлд итгэхгүй байна, Хүрэлсүх тэгэх хүн биш. Монголд ер нь юу л болоод байна даа” хэмээн жиргэжээ. Үнэхээр тэнэглэлд хязгаар гэж байдаггүй нь үнэн ажээ.

АТГ ингэж “тэнэглэх”-ийн цаад шалтгаан нь улс төрийн даалгавар, Засгийн газрын үүрэг чиглэл өгсөнтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй билээ. Шадар сайдыг тагнасан Ерөнхий сайдын хүмүүс ийнхүү АТГ-д даалгавар өгч “Өөрийгөө тагнасан” гэдэг шинэ нэр томьёог гаргаж ирэхээр шийджээ. Ингэж АТГ-ын удирдлагууд эрх баригч нам, Засгийн газрын даалгавраар хөдөлж эхлэв. Монголын ард түмний шударга ёс, эрх чөлөө, ардчиллын төлөө хууль ёсыг нэн тэргүүнд хамгаалах үүрэгтэй энэ байгууллага нэг нам, хэдэн улс төрчийн хармаанд орчихсон юм байна. Энэ нь нэг бусаа удаагийн үйлдэл биш юм. АТГ-ын дарга Х.Энхжаргал нь М.Энхболдтой уулзаж, найр наадам болж буй бичлэг (Аархал бичлэг) олон нийтэд цацагдсан. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцын гол төлөөлөл болон зочилж яваа Х.Энхжаргалд АТГ-ыг удирдах ёс зүй байхгүй билээ.

 Юунаас, хэнээс ч хараат бус байх ёстой АТГ байх шаардлага байна уу гэдэгт эргэлцэхэд хүрч байна. Төрд өндөр албан тушаал хашиж, хөрөнгө мөнгө завшсан олон этгээдүүдийн өмнө АТГ “өвдөг сөгдөж” ирлээ. Шалгаж нягталмаар олон хэрэг өнөөдөр АТГ-ын архивд хав дараастай байна. Олон нийтэд ил болсон хэргээс онцолбол, оффшор данстай нь илэрсэн С.Баярцогт, АНУ-д олон тооны үл хөдлөх хөрөнгө худалдан авсан Ерөнхий сайд асан С.Баяр, Төрийн албыг наймаалах ажиллагаа явуулсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын 60 тэрбумын хэргийг шийдвэрлэж чадалгүй хэдэн оныг дамжлаа. Хүч чадалтай, хөрөнгө мөнгөтэй эрх мэдэлтнүүдийн өмнө АТГ бөхийж байна. Засгийн газар, аль нэг намын даалгавраар л хөдөлдөг болжээ.

https://www.facebook.com/factnewsmn/videos/10159184960695142/

Иймд АТГ-ын хэрэг байна уу. Монголын ард түмний төлөө бус авлигачдын талд зогсдог АТГ хэрэгтэй юм уу. Татвар төлөгч, баялаг бүтээгчдийн хөрөнгөөр цалинжиж буй энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоож, авлигатай тэмцэх чиг үүргийг нь өөр байгууллагад шилжүүлэх шаардлагатай байна. Ард түмний язгуур эрх ашгийн төлөө хуулийн дагуу ажилладаг АТГ бидэнд хэрэгтэй.

Т.Амараа

breakingnews.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …