Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж яваад автомашинтайгаа унажээ

Энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар “Ланд круйзер-77” маркын тээврийн хэрэгсэл унасан тухай мэдээлэл фэйсбүүк хуудсуудад гарсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийхэд “Тухайн өдөр уг тээврийн хэрэгслийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн тасгийн хэсгийн байцаагч Э жолоодож явжээ. Тэрбээр автомашиныг жолоодож яваад засмал замын зүүн гар талд байрлах ухсан шуудуу нүх рүү буруу талын урд дугуйгаар орж, автомашины баруун гар талаар унасан байна. Энэ өдөр тухайн алба хаагч нь Гашуун сухайт автозамын шалган нэвтрүүлэх постод албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа уг ослыг гаргасан.

Улмаар цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэж явсан бөгөөд ослын дараа драгер багажаар үлээлгэхэд согтолтын зэрэг гараагүй, ослын улмаас гэмтэл, бэртэл аваагүй, тээврийн хэрэгсэлд ноцтой гэмтэл учраагүй байна. Ослын үеэр тээврийн хэрэгслээс гарсан гэх архи, тамхийг 2017 оны наймдугаар сарын 26-ны шөнө албан үүрэг гүйцэтгэж байхдаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат иргэн А-аас Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг болон уг хуулийн 6.5 дугаар зүйлд заасныг үндэслэн түр хураан авах тэмдэглэл үйлдэн авсан нь тогтоогджээ.

Албаны шалгалтын хүрээнд уг мэдээллийг анх фэйсбүүк хуудаст нийтэлсэн иргэн Н-аас тайлбар авахад “Тухайн үед би хувийн ажлаар Гашуунсухайтад явж байсан. Цагдаагийн машин унасан байхыг хараад өөрийн фэйсбүүк хуудастаа “Цагаан хадны цагдаа нар ийм л байна шдээ” гэж хаяглан пост руулсан. Унасан машины жолооч нь зүгээр гарч ирсэн, архи дарс уусан зүйл ажиглагдаагүй. Тээврийн хэрэгслийн араас архи, тамхи унасан байхыг хараад ийм тайлбар бичиж нийтэлсэн. Би зургийг нь машин дотроос авсан юм. Мэдээллийг сайн нягтлалгүйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан” гэжээ.  Албаны шалгалтаар дээрх нөхцөлүүд тогтоогдсон бөгөөд уг асуудлыг үргэлжүүлэн шалгаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …