Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтсан жолоочийг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг Тасганы овооны зүүн замд энэ сарын 25–наас 26-нд шилжих шөнө явган зорчигч 57 насны эрэгтэй хүнийг марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Энэхүү хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжиж, илрүүлжээ.

Зам тээврийн хэрэг, ослын газрыг санаатай орхиж явсан жолооч нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд:

– Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг “зориуд орхиж зугтаасан бол” дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар “зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,

– Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …