Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед Зэвсэгт хүчний салбарт дараалсан осол гарлаа. Тэр дундаа Тавантолгойн цэргийн хээрийн сургуулилтын баазад он гарсаар хэд хэдэн дэлбэрэлт болж цэргүүд амь эрсэдлээ. Салбарын сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Хуучин цэргийн удирдлагатай, ЗХЖШ-ын дарга нь Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд ЗХЖШ-ын дарга байдаг цэргийн зохион байгуулалттай байх үеийнх шиг ойлголт байгаа учраас тогтолцооны хувьд нийгэм сайн ойлгохгүй зүйлүүд байна. 1996 онд тэр үеийн улстөрч, сайд энэ салбарт иргэний хяналтыг тавих төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор томилогдсон.
2016 оны есдүгээр сард УИХ Батлан хамгаалахын тулгуур багц хуулиудыг баталсан. Энэ хуулиар батлан хамгаалах, цэргийн салбарын удирдлагуудыг маш тодорхой болгож өгсөн. Өмнө нь ерөнхийлсөн заалтууд байсан бол энэ удаа төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх субъектүүд нь ерөнхий командлагч, Засгийн газар, хариуцсан салбарын сайд байхаар хуульчилсан.
Мөн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хэрэгжүүлэх, энэ томилгоо тус штабын даргаас эхлээд бүх төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын орлогч нарыг тус штабын дарга томилдог. Харин салбарын сайд Засгийн газрын яам агентлагийг тодорхой хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэдгийг болон төсвийн зарцуулалтыг хянана. Үнэхээр энэ салбарт хариуцлага суларсан гэдэгтэй санал нэг байна.
Энэ асуудлаар би УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд мэдээлэл өгч, тодорхой асуудлыг гаргаж тавьж байсан. Тиймээс энэ салбарт ажил авсан цагаас хойш ямар нэг ажил алба асуудлыг нуухгүйгээр иргэний хяналт тавих үүргийн хүрээнд алив асуудлыг гаргаж тавихын зэрэгцээ ЗХЖШ-д ч ийм шаардлага тавьж байгаа.
-Саяхан Ховд голд Увс аймгаас татагдсан цэргүүд осолдсон байна. Танд ослын талаар дэлгэрэнгүй танилцуулсан уу?
-Ховд аймгийн Зэвсэгт хүчний анги байгууллагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээллийг надад өгсөн. Холбогдох албаныхан шуурхай ажиллаж, өчигдөр / уржигдар/ өглөө 06:00 цагт ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, эрлийн ажиллагаа үргэлжилж байна. ЗХЖШ-ын даргын мэдээлснээр дайчилгааны нөөцийг барьж байх ёстой.
Энэ хүрээнд Ховд аймагт 2,500 улсын дайчилгааны мал өвөлжих учиртай. Тиймээс жил бүр малаа өвөлжүүлэх зорилгоор тухайн анги байгууллагын цэргийн албан хаагчид ажиллаж байсан юм байна. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байгаа учраас зөвшөөрөл аваад хадлан бэлтгэж байсан юм билээ. Одоогоор нарийн тодорхой мэдээлэл ирээгүй байна.
-Цэргүүд дараалан амь эрсдээд байгаа асуудалд хэн хариуцлага хүлээх вэ. Хариуцлагын асуудал яагаад яригдахгүй байна вэ?
-Хариуцлага хүлээнэ. Цэргүүд осолдсон асуудалд бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ.Цэргийн мэргэжлийн удирдлагыг ЗХЖШ, түүний дарга хэрэгжүүлдэг. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Албаны ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана.
-Засгийн газрыг огцруулах асуудалд кабинетын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
–Парламентын засаглалтай улс орнуудад Засгийн газарт хариуцлага тооцох, огцруулах асуудал нээлттэй. Өмнө нь олон Засгийн газарт хариуцлага тооцож байсан. Энэ удаа Засгийн газрыг огцруулах асуудлаар 30 гишүүн гарын үсэг зурж, өргөн барьсан байна. Засгийн газрын гишүүний хувьд жилийн хугацаанд гүйцэтгэх засаглал боломжийн төвшинд ажилласан гэж дүгнэж байна.
Эдийн засгийг тогтворжуулж, тодорхой хэмжээний өсөлт бий болгох чиглэлд ажлууд хийсэн.Хасахтай байсан эдийн засгийг зогсоож, 5.3 хувийн өсөлт бий болголоо. Тэр хэрээр хөрөнгө оруулагчдын үнэлэмж нэмэгдсэн. Засгийн газарт алдаа дутагдал болоод ажил урагшлахгүй байгааг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг олон талаас нь авч үзээд хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ байх.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин