Багш нарын шаардлагад хариу өгөхгүй бол есдүгээр сарын 11-нд ажил хаяна

Багш нарын тэмцэл дахин үргэлжилж  өнөөдөр Сүхбаатарын талбайд дахин тайван жагсаал хийлээ. 14 хоногийн өмнө байгуулагдсан “Багш нарын цалинг нэмүүлэх” түр хороо өргөжин 30 мянга гаруй багш нэгтгээд байгаа аж. Цалин нэмүүлэх түр хороо өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан юм. Үүнийгээ хичээлийн шинэ жилээс өмнө нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж. Үүгээр зогссонгүй мэргэжлийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, боловсролын чанарыг сайжруулж цалинг 2020 он гэхэд гурван шатлалтайгаар нэмэх шаардлагыг Ерөнхий сайд болон БСШУС сайд Г.Чулуунбаатар нарт тавьсан.

Д.Бат-эрдэнэ: Хамтын гэрээг үндэслэн ажил хаяна

 “Цалин нэмэх түр хорооны дэд зохицуулагч” багш Д.Бат-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа

 Өнөөдрийн тайван жагсаалд  хэчнээн багш нар нэгдсэн байна вэ?

– Албан бус тоогоор 13 мянга гаруй багш тайван жагсаалд нэгдлээ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл оролцож байгаа. Бид нар өнөөдөр засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Шаардлагын хариуг ирэх сарын 11 хүртэл хүлээнэ. Уг шаардлагын хариунаас шалтгаалан  хамтын гэрээг үндэслэн ажил хаяна. Ажил хаялт маань хамтын гэрээний маргаанаас шалтгаална. Маргаан үүсэх эрх зүйн үндэс уг шаардлагаас урган гарна.

– Цалин нэмэх асуудал төсөвт тусгагдаагүй байгаа. Нөгөөтэйгээр манайд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Ийм байхад багш нарын цалин нэмэх боломж байгаа юу?

-Олон улсын валютын сан гэдэг том хөшүүрэг байгаа. Засгийн газар төрийн байгууллагынхаа хувьд нэмэх боломжтой.  Засгийн газар судална гэсэн хариуг өгч  хамтын хүрээнд цалин нэмэх асуудлыг хэлэлцье гэсэн саналыг тавьсан. Манай цалин нэмүүлэх түр хорооноос судлаад явж байна. Бидний зүгээс цалин нэмэх боломжтой гэж үзэж байгаа. Эхний ээлжид цалинг 1.6 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлага тавьсан.

Ц.Мөнх-туяа: Дарга нар бидэнд төсөв хүрэхгүй байна гэдэг хариу хэлдэг

Цалин нэмэх түр хорооны ерөнхий зохицуулагч, багш Ц.Мөнх-туяа: Монголын боловсролын салбар сүйрч буйг харуулж буй нэг жишээ нь багш нарын цалин. Цаашид бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Хичээлийн шинэ жилийн өдөр ажил хаяхгүй ч бидний шаардлагад нааштай хариу өгөхгүй бол багш нар нэгдэж ажил хаяна. Жилийн жилд бид нар цалин нэмүүлэх шаардлага тавьдаг. Дарга нар бидэнд төсөв хүрэхгүй байна гэдэг хариу хэлдэг. Гэхдээ сонгууль бусад олон нийтийн ажилд хэд дахин их мөнгө зарцуулдаг. Өнөөдөр бид нар дээр МСҮТ-ын багш нар, зарим их дээд сургуулийн багш нар нэмэгдсэн. Одоогийн байдлаар 34 мянга гаруй багш нар тэмцэлд нэгдэхээ илэрхийлснээс өнөөдөр 13 мянга гаруй багш нар цугларсан байна. Бид дэлхийн жижигт нийцсэн цалин авахыг шаардаж байна. Гаднын орнуудын цалинтай харьцуулахад манай багш нарын цалин 3-5 дахин бага байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дундаж цалин 500 мянган төгрөг байдаг. Багш нарын авдаг цалин бодит байдалд хаана  ч хүрэлцдэггүй. Өр зээлээ төлөөд л дуусдаг.

М.Нарангэрэл: Залуу багш нар тэтгэвэрт гарахдаа над шиг өртэй битгий гараасай

Барилгын политехникийн багш М.Нарангэрэл: Багш нар цалингаа нэмүүлэх асуудлыг жил болгон холбогдох албаны хүмүүст хүргүүлдэг. Үе шаттай даруйхан нэмнэ гэсэн хариу өгсөөр ирсэн. 2015 оноос өнөөдрийг хүртэл цалин нэмэгдээгүй. Өнөөдөр Монголын бүх багш нар сургууль, анги танхимдаа анги танхимаа цэвэрлэн ирэх хичээлийн бэлтгэлийг хангасан завгүй байх цаг үе. Өнөөдөр энд цалин мөнгөнийхөө төлөө цугласан байгаад харамсалтай санагдаж байна. Багш нар гар дээрээ 400-500 мянган төгрөг авдаг. Би боловсролын салбарт 44 жил ажиллах гээд зогсож буй багш хүн. Энд би өөрийнхөө төлөө биш Монголын ирээдүй болсон багш нар маань цалинтай бодлоготой, энэ хэмжээгээр боловсролын салбар өндийгөөсэй гэж бодож цуглаанд нэгдсэн. Цалин нэмэх санаачлалыг ерөнхий боловсролын сургууль санаачилсан. Энд МСҮТ-ийн 20 гаруй сургууль нэгдсэн байна. Миний хувьд энэ жил гавьяаныхаа амралтад гарна. Гэвч квотоор авсан байрныхаа зээлийг үр хүүхдэдээ өвлүүлж байгаад харамсалтай байна. Залуу багш нар тэтгэвэрт гарахдаа над шиг өртэй битгий гараасай гэж тэмцэж байна.

Э.Ариун

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …