Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт судалгааны төв “Амиа хорлолттой холбоотой анхны суурь судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харилцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцаанаас болж сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаа учраас холбогдох газрууд анхаарал хандуулах шаардлагатай байна гэдгийг онцолсон.Энэ талаар Судалгааны багийн удирдагч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн 217 гэрээслэлийг харахад ихэнх нь сэтгэлзүйн хүнд дарамтаа дааж чадалгүй амиа хорлосон болох нь тодорхой байсан.Ялангуяа өсвөр насныхны амиа хорлолт нь тэдний сэтгэлзүйн тогтворгүй байдалтай холбогдох нь их байна.Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэсэн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин хөвгүүнтэйгээ муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, эцэг эхийн анхаарал халамж дутмаг зэрэг хүчин зүйлтэй холбоотой байсан” гэлээ.
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга “Судалгаанаас харахад 10-29 насны хүмүүсийн дунд амиа хорлолт өсч байна. Тиймээс үүнтэй холбогдуулан Засгийн Газар, Хууль Зүй, Дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлсэн.Мөн Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамнаас “Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдэл бичиг хүргүүлээд байна” гэв.
Нийт судалгааны дүнгээр жилд дунджаар 441 хүн амиа хорлож байна гэсэн дүн гарчээ.Нийт амиа хорлосон тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон байна.