Нийслэл хотод эхний 8 сард 438 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь нийт гэмт хэргийн 3.4 хувийг эзэлж байгаа аж. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 15 настай Гурван этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрэмдэх хэрэг бүлэглэн үйлддэг 16-20 насны таван этгээдийг баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дээрх этгээдүүд нь “Чи манай дүүг зодсон хүүхэд мөн байна чамайг нүүрэлдүүлнэ” гэж насанд хүрээгүй хүүхдүүдийг дагуулан байрны орц болон эзэнгүй газар аваачиж гар утас, эд зүйлийг нь дээрэмддэг байжээ. Одоогоор 20 гаруй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байгаа аж. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг Нийслэлийн цагдаагийн газраас мэдэгдлээ.