Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Гавьяат тамирчин, Доржсүрэнгийн Сумъяа түрүүлж дэлхийн аварга болж, монголчуудаа баярлуулсан билээ. Ингээд МУГТ Сумъяагийн аав М. Доржсүрэнгийн “News.mn” сайтад өгсөн видео ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Таны охин дэлхийн аварга боллоо.Та охиныхоо аваргын төлөөх барилдааныг үзсэн үү?
-Хамгийн сүүлд Японы тамирчинтай хийсэн барилдаан 14 минут орчим үргэлжилсэн. Ийм удаан үргэлжилсэн барилдааныг жүдо бөхийг сонирхож, охиноо тамирчин болгосноос бараг үзэж байгаагүй юм байна. Сайхан барилдаан хийсэн охиноороо бахархаж байна. Монголын ард түмэн охиноор минь бахархаж байна.
-Сумъяа хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн вэ?
-Охин маань зургадугаар ангиас эхэлж жүдо бөхөөр хичээлж эхэлсэн. Үеийнхэн дотроо их чанга биетэй, тууштай охин байсан. Тухайн үед охиныгоо бөхийн спортоор хичээллэнэ гэхэд их дэмжиж хүлээж авч, бэлтгэл сургуульд нь анх оруулж байсан юм. Арван жилийн сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг авсан. Спортоор гайгүй амжилт гаргаад эхэлж байсан.Сурахынхаа хажуугаар бэлтгэл хийх нь жаахан хүнд байсан учраас аль нэг замын сонгохоос өөр аргагүй байсан. Ингээд өөрийн дур сонирхлоор спортынхоо замыг сонгож, хөдөө аж ахуйн дээд сургуулиас чөлөө аваад гарсан.
-Ер нь Сумъяа спортоор хичээллэхдээ шантарч байсан уу?
-Өөрөө дур сонирхолтой байсан учраас би энэ спортыг орхино, хэцүү байна гэж надад нэг ч үг хэлж байгаагүй. Миний охин бэлтгэлээ нэг ч өдөр тасалдаггүй байсан. Өнгөрсөн 2014 онд ДАШТ-д яваад медалиа төлөө барилдаад шагналт тав дугаар байранд орж ирчихээд ааваа болохгүй юм болдоггүй юм байна. Ааваа энэ удаад чадсангүй гээд инээж байсан. Харин дараа жил зорилгоо биелүүлж хүрэл медаль авсан даа. Энэ их амжилтад хүрэхэд өөрийн нүр их хөдөлмөрөөс гадна багш дасгалжуулагч болон Улсын шигшээ багийн хамт олон, Жүдо бөхийн холбоо, төр засгаас тамирчиддаа анхаарч байгаа учраас ийм их амжилт гарч байгаа гэж бодож байна.