Улаанбаатар хотод усархаг бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн 7 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги, Аврах тусгай анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчиний 16 дугаар гудамжинд айлын гэр хашаа усанд автсан, тус тоотод оршин суугч иргэн 57 настай, эрэгтэй осголтын байдалтай байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа А.Батбаяр, Хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
Сонгинохайрхандүүрэг 20 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун талд үерийн сувгийн ус хальж өндөр настай иргэн усанд боогдсон байна гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай бүлэг хүрэлцэн очиход иргэн 74 настай, эмэгтэй, 12 настай, эрэгтэй, 10 настай, эрэгтэй нар үерийн усанд боогдсон байсныг аюулгүй газар гаргасан.
Мөн Далангийн голд иргэд усанд боогдсон гэсэн дуудлагын дагуу Аврах тусгай ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай шуурхай ажиллан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн 12-13 настай, 3 хүүхдийг эрсдэлтэй бүсээс гаргаж амь насыг нь аварсан байна.
Ус цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч нутгийн зарим хэсэгт хур бороо орох төлөвтэй байгаа тул иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.