“Алсад суугаа ээж дууг” дуулсан Өвөр Монгол Уудам өдгөө 17 нас хүрчээ. Тэрбээр 2011 онд “Авьяаслаг Хятадууд” шоу нэвтрүүлэгт Хөлөн буйр аймгаас оролцож дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг дуулан шүүгчид, үзэгчдээс өндөр оноо авч, сонсогч олны сэтгэлийг татсан байдаг. Уудам хүү өдгөө 17 нас хүрч дуучны замналаа эхлүүлжээ.
Түүний ээж есөн настай байхад нь өвчнөөр нас барж, аав нь 2011 онд авто машины ослоор нас барсан бөгөөд тэмцээний дараа БНХАУ-д амьдардаг буриад гаралтай нэгэн гэр бүл өргөн авчээ. Улмаар Уудам хүү эцэг эхдээ зориулсан чин сэтгэлийн дуугаар “Авьяаслаг Хятадууд” шоунд зорин оролцож түүний дараа хүүхдийн дууны “Барх”хамтлагт элсэн орсон байдаг. Харин Уудам хүү Канад улсад суралцахын сацуу шинэ уран бүтээлээр үзэгч сонсогч нартайгаа уулзахаар зэхэж байна.