Монгол дахь ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн ихээхэн хэмжээний мөнгө босгосон гадаад иргэнд ял оноожээ.Тодруулбал Монголд урт хугацаагаар оршин сууж байгаа Австрали болон Англи улсын иргэн Мохаммед Ибрахим Муншиг гэгч тэрбээр дээрх хэргийг үйлдээд хариуцлага хүлээхгүй зугтсаныг Монголын цагдаа, прокурорын байгууллага баривчилж, залилангийн хэргээр хоёр жил гаруйн хугацаанд шалгаж дуусчээ. Түүнээс “Моннис интернэйшнл” компани хохирлоо нэхэмжлэн анх 2015 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар түүнийг шалгаж эхэлсэн бөгөөд улмаар хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүхээр шийдвэрлэсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Мохаммед Ибрахим Муншиг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзжээ. Тодруулбал, түүний гэм буруутай үйлдэлд холбогдох хуулийн дагуу 11 жилийн хорих ял шийтгэх, “Моннис интернэйшнл” компанид учруулсан 31 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулах, зарим орд газрын ашиглалтын лицензүүдийн захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.