Д.Эрдэнбат: Өнөөдөр шийдэхгүй бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү орно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ээлжит бус чуулганаас МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх сүүлийн өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч байсан энэхүү Ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Харамсалтай нь 65-ын, олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг төрийн танхим оруулж ирлээ. Ийм үйлдэл гаргаж байгаад бид их харамсаж байна. Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдалд үүсч байна.

Хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хэлсэн мэдэгдэлдээ “Олонхийн бүлгийн нэг хэсэг нь АН-тай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна” гэсэн нь туйлын хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байгаа. Би өмнө нь энэ талаар байр сууриа илэрхийлсэн байгаа. 65-ын үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь тэдний асуудал учраас сөрөг хүчинд ямар ч хамаагүй. АН өөрийнхөө улстөрийн байр суурийг тодорхойлсон, энэ байр суурьтаа байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг нь МАН-ын дотоод зөрчилдөөн, дотоод асуудал нь гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Мөн дөнгөж сая чуулганы хуралдаанаар нэг асуудал гэнэт орж ирлээ.

Тэр нь Тусгай хяналтын дэд хороогоор хоёр хүний маргааныг хэлэлцэх тухай асуудлыг оруулж ирж хуралдааныг түр завсарлуулж байгаа нь хууль бус. Учир нь өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ганцхан асуудлыг хэлэлцэхээр орж ирсэн. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээнд асуудал ярьдаг. Түүнээс бусад асуудлыг хэлэлцдэггүй юм. Тийм учраас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан учир зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанаар л хэлэлцэх учиртай. Тэрнээс аливаа нэг Засгийн газрын асуудал Тусгай хяналтын болон бусад дэд хороонд үл хамаарах зүйл. Хэрвээ өнөөдөр Үндсэн хуулийн эцсийн хугацаа болох 15 хоногийн хугацаанд Ээлжит бус чуулганаар Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй, хугацаа хэтрэх юм бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү орно гэдгийг би эрх баригчдад дахин сануулахыг хүсч байна” гэлээ.

zindaa.mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …