Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Одоогоор тус өдөрлөгийг 5 дүүрэгт дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар товлоод байна.
1. Сүхбаатар 2017.09.14 Сүхбаатарын талбай
2. Баянзүрх 2017.09.16 БЗД-ийн Иргэний танхимд
3. Чингэлтэй 2017.09.24 14-р хорооны Иргэний танхимд
4. Багахангай 2017.09.27 Иргэний танхим
5. Хан-Уул 2017.09.28 Хан-Уул дүүргийн соёлын ордон
Энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүйгээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх замаар зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Хамтран зохион байгуулагчаар Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн ажиллах юм байна.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:
-Холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулна.
-Хууль, өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгнө.
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явагдана.
-Нотариатч үнэ төлбөргүйгээр баримт бичиг гэрчилнэ.
-Шинэ хуулиудын танилцуулга хийгдэнэ.