Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөр тохиож байна

Одоогоос яг 27 жилийн тэртээ буюу 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажиж, төлөвшин хөгжиж байна.

Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн санамсаргүй тохиолдол байгаагүй бөгөөд харин улс орны түүхэн хөгжлийн зүй ёсны үр дүн, шинэ үе шат болжээ. Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын Зөвшилцлийн протокол хэмээх улс төрийн чухал баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан байна. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөл бүрдсэн байна.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ конвенцийг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурлын гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж мэтгэлцэн шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй билээ.

Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоож, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлон “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байна. Энэхүү зарчмын үндсэн дээр Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтын бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.

Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойших өнгөрсөн 25 жилийн хугацаанд 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 онуудад нийт 7 удаа парламентын сонгууль болж, төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгуулаад байна.

  Монгол Улсын хувьд 1990-1992 онд байгуулагдаж ажилласан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсыг жинхэнэ утгаар нь шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, нийт ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор  Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон түүхтэй билээ.

Ийнхүү Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж ажилласан 27 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал нь ардчилсан сонгуулийн үндсэн дээр бүрдэж, байнгын ажиллагаатай, үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй явагддаг төрийн бодлогын үндсийг тодорхойлогч засаглалын гол институци болж бүрэлдэн төлөвшиж байна.

 

   Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …