“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийнэ

Лантуун дохио төрийн бус байгууллага нь 2013 оны 3 дугаар сарын 28-нд албан ёсоор байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор ажилладаг билээ.  2017 оны 1 дүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хүүхдийн ирээдүйн боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор “Ид Шидийн Орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Ид шидийн орон төслийн зорилго нь хүүхдийг гэр бүлийн, бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие хэл сэтгэхүйн онцлогт тохирсон сургалт, хүмүүжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч олон улсын стандартыг бүрэн хангасан жишиг төв болон хөгжүүлэхэд оршино.

Тус төвийн барилгын ажил 2017 оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг сайхан сэтгэлт Монголчуудын дэмжлэг тусламжтайгаар бүтээн байгуулалтын ажил амжилттайгаар хэрэгжиж тогтвортой үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо.
Баянхошуу Зүүн салааны Зүүнбаян уулын энгэр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд сүндэрлэсэн энэ бүтээн байгуулалт таван ЭКО шаардлагыг бүрэн хангаад байна.
Үүнд:
  • “Ид шидийн орон” –оос нэг ч нүүрсний утаа гарахгүй. Барилгуудын халаалтыг тосон халаагуур, ажилчдын байрлах гэрийг шалнаас халах технологиор бүтээсэн байна.
  •  Нарны эрчим хүч ашиглана. Зуны саруудад бүрэн нарны эрчим хүчээр ажиллах эрчим хүчний шийдлийг хийгээд байна.
  •  Хөрсний бохирдол үүсгэхгүй. Анх “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлэхээр тухайн орчны гүний усыг шинжилж үзэхэд маш өндөр бохирдолтой гарсан байна. Харин энд усыг олон шатлалт шүүлтүүрээр цэвэршүүлж гоожуураасаа дээд зэргийн цэвэршүүлсэн ус уух боломжтой болжээ. Харин ашигласан ус болон бохироо дахин цэвэршүүлэн саарал ус гаргах гэх мэт ухаалаг шийдлүүдийг энд хийжээ.
  •  Хог хаягдлын ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн ээлтэй, эко орчинг санал болгоно гээд нийт таван ЭКО шаардлагыг бий болгожээ.

Тус төв нь хүүхэд хамгааллын холбон зуучлах, түр хамгаалах үйлчилгээ явуулж сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгч, нийгмийн ажилтны үйлчилгээ, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан /өдөр өнжүүлэх төв/ цэцэрлэг болон нийтийн номын сан үйл ажиллагаагаа явуулна. Мөн дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм.

“Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 15–17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус нээлтэнд “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн тавигдах бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг хөндсөн гэрэл зургуудыг дэлгэн харуулахаар болжээ.

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …