“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”- ноос засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу ирүүлээгүйн улмаас энэ сарын 21, 26-нд ажил хаяна гэдгээ тэд мэдэгдэж байсан. Уг шаардлагын хариуг засгийн газар, БСШУЯ-аас өчигдөр мэдэгдэл гаргаж багш нарын цалин нэмүүлэх түр хороонд хүргүүлсэн. Хариу мэдэгдэлд багш нарын цалинг ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс үе шаттайгаар 30 хүртэлх хувиар нэмэх талаар дурдсан байв.
Багш нарын түр хорооноос тавьж буй шаардлагын дагуу өнгөрсөн хугацаанд засгийн газар болон холбогдох газруудад шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Тэдний хамгийн эхний шаардлага нь дэлхийн жишигт нийцсэн цалин буюу 1.6 сая төгрөг болгохыг шаардсан юм. Үүнийгээ хичээлийн шинэ жилээс өмнө нэмэгдүүлэхийг хүссэн. Үүгээр зогссонгүй мэргэжлийн үнэлэмжийг бодитойгоор үнэлж, боловсролын чанарыг сайжруулж цалинг 2020 он гэхэд гурван шатлалтайгаар нэмэх шаардлагыг Ерөнхий сайд болон БСШУС сайд Г.Чулуунбаатар нарт танилцуулж байсан.
Тэгвэл өнөөдөр багш нар ажил хаяж буй бөгөөд ЕБС-ийн багш нарын 60 хувь, СӨБ буюу цэцэрлэгийн багш нарын 50 хувь нь ажил хаяж байгаа гэв. Тэд сургууль цэцэрлэгийн үүдэнд “хүүхдүүдийг хүлээж авахгүй” гэх учраа хэлж өөрсдийн байр суурийг учирлаж байлаа. Мөн өнөөдөр багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийх ажээ.