Хотын дарга Су.Батболд улс төрийн хариуцлага хүлээн огцрох ёстой

Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын ээлжит хуралдаан болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан НИТХ-ын дарга Ц.Сандуйг хуралдаанд оролцогчдын 82.8 хувиар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Ц.Сандуйгийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа  “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”   гэсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн.  НИТХ дах АН-ын төлөөлөгч Д.Баттулга түүнд хандан “Би хувьдаа ойлгохдоо 60 тэрбумын асуудлаас болж Ц.Сандуй дарга таныг ажлаа өгч байгаа гэж ойлгож байгаа, хэрвээ үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс болж ажлаа өгч байгаа юм бол яагаад ганцхан Ц.Сандуй дарга өгөх ёстой гэж мөн  хотын дарга С.Батболд ч гэсэн улс төрийн  хариуцлага хүлээж албан тушааласаа огцрох ёстой” гэж хэлсэн.

Түүний хэлсэн энэ үг үнэний ортой. Хотын дарга С.Батболд НИТХ-ын дарга  Ц.Сандуйгаар “туг тахичихаад”, өөрөө хойно нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр нэр цэвэр үлдэж, “уснаас хуурай гарах”-ыг оролдож байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй С.Батболд гэдэг хүн нийслэлийн МАН-ын дарга болно гээд “сэрүүн зүүдэлчихсэн” явж байгаа сурагтай.

Юуны өмнө тэр бол МАН-ын дарга М.Энхболдтой нэг нутгийн буюу Төв аймгийн “хүн”.  М.Энхболд дарга хэдэн жилийн өмнө хотын даргаар Багахангай дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан “улаан хацартай” Ц.Батбаяр гэдэг хүнийг хотын даргаар “хүч түрэн томиуулж” байсныг уншигчид санаж байгаа байх. Гэвч хотын мээр асан Ц.Батбаяр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс  2.1 жилийн ял авч эдлээд гарсан.

2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа  хотын даргаар С.Батболд гэдэг хүнийг намын бодлого нэрээр НИТХ-ын төлөөлөгчдөөр шууд томилуулсан. Тэгвэл ингэж томилуулсан Нийслэлийн Засаг дарга С.Батболд гэдэг хүн нийслэл хотыг 1 жил гаруй удирдаад нийслэлчүүд та бидний нүдэнд харагдаж, гарт баригдахаар юу хийв.

НИТХ-ын АН-ын төлөөлөгч Д.Баттулга үнэнийг хэлсэн. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд  намаа ялагдуулсан улс төрийн хариуцлагаа ухамсарлаж Ц.Сандуй ажлаа өгч байгаа юм бол  2016 онд Нийслэлчүүдийн олонхи нь МАН-д итгэл хүлээлгэж байсан тэр итгэл найдварыг жил гаруйн хугацаанд хотын даргаар  ажиллахдаа “унагаж”, 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэл хотод намаа ялагдуулсан хариуцлагыг Хотын дарга ч гэсэн хүлээх учиртай.

С.Батболд гэдэг хүн хотын даргаар томилогдоод өдийг хүртэл ажиллахдаа өндөр зардлаар өрөөгөө тохижуулсан, энэ тухай нь асуусан сэтгүүлчийг загнасан,  “Бат-Үүлийн үед жилд 13 удаа дунджаар цас орсон миний үед сард 13 удаа цас орлоо” хэмээн байгалийг буруутган ярьж,  шүүр барьж цас цэвэрлэсэн, сэтгүүлчдийг Нүхтийн аманд аваачиж дайлж цайлж, бэлэг сэлт гардуулсан, Баянзүрх дүүргийн асуудлыг хотын бодлогоос орхигдуулсан гээд нэлээд олон факт гаргасан нь өнгөрсөн хугацаанд нийслэлчүүдийн  хотын удирдлагуудад, МАН-д итгэх итгэлийг хөсөрдүүлсэн гэж хэлж болно.

Нийслэл хотын хамгийн олон иргэнтэй Баянзүрх дүүрэг өнөөдөр хотын дарга С.Батболдын хувьд “бутач хүүхэд” шиг нь шоовдорлогдон амьдарч байна. Хотын даргын шийдэмгий бус шийдвэр, шүүхийн шийдвэр гарсаар атал АН-ынханыг дэмжсэн мэт ойлгомжгүй байдал, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн болон иргэдийн засаг захиргаатай болох хүсэл эрмэлзлийг үл тоосон хандлага нь түүнийг улс төрчийн хувьд мэдрэмжгүй, чадваргүй гэдгийг хангалттай хэмжээнд нотлож байгаа хэрэг биш гэж үү?

Хотын даргын энэ унхиагүй, хандлагаас шалтгаалаад өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиас хойш Баянзүрх дүүргийн засаг захиргаанд АН-ынханы эрх дураараа аашилсан байдал газар авч, эцэст нь, дүүргийн хөгжил дэвшил зогсонги байдалд орчихоод байна.

С.Батболдын  ийм  туйлбаргүй, нийслэлийн иргэдийн төлөө гэсэн  “сэтгэлгүй”,  шийдэмгий бус аливаад “бөөрөнхийлөн” ханддаг, зарчимч биш, “уян зөөлөн эмэгтэйлэг” зан чанар нь нийслэл хотыг цаашид үргэлжлүүлэн удирдахад мэдлэг ур чадварын хувьд тохирохгүй гэдгийг өнгөрсөн 1 жил гаруйн хугацаа ийнхүү олон нийтэд хангалттай харууллаа. Зүй нь бол ийм хүнийг огцруулах ёстой. Гэтэл  түүнийг  дээш дэвшүүлэн Нийслэл хотын МАН-ын дарга болгох юм бол 2020 онд МАН нийслэл хотод ялагдах нөхцлөө өөрсдийн гараар бүрдүүллээ гэж үзэхэд хүргэж байна.

Ц.Бат

Шуурхай.мн 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …