Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм.
Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ.
“Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хотын эргэн тойрны оршин суугчдад байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ихээхэн үр ашиг авчрах, Европын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлын цэг мөн барилга болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах барилга байгууламж байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Одоогоор уг төслийн зээлийн гэрээ болон, буцалтгүй тусламжийн гэрээг Улаанбаатар хоттой шууд байгуулахаар ажиллаж буйг ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннет хэлж байв.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд“Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, байгууламжийг шинэчлэх” төслийг ЕСБХБ-тай хамтарч хэрэгжүүлэх болсонд баяртай байгаа. Уг төсөл амжилттай хэрэгжиж нийслэлийн иргэд удахгүй төслийн үр дүнг хүртэн гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурах хамгийн сүүлийн шатанд явж байгаа.
Бидний энэ үйл ажиллагаа ЕСБХБ-аас орон нутаг зээл авч буй анхны тохиолдол юм. Энэхүү төсөл хэрэгжсэний дараагаар нийслэлд агаарын бохирдлыг бууруулах болон нийтийн тээврийн салбарт шинэ дэвшилтэт, эко төсөл хэрэгжинэ. Одоогийн байдлаар тус ажлыг хэрэгжүүлэх судалгаанууд хийгдэж байна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.