Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох ёсгүй

Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох учиргүй

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Засгийн газрын гишүүн байсны хувьд Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-МАН дүрмийнхээ дагуу Намын бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Манай нам ардчилалтай нам. Олонхийн шийдвэрээ хүлээн зөвшөөрөөд хамтран ажилладаг. Би 20 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдахдаа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд түүнийг улстөрчийнх нь хувиар сайн мэднэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд Засгийн газрын сайд нар үүрэг гүйцэтгэгч болчихлоо. Танай яамны ажил хэвийн явагдаж байгаа юу?

-Төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжлээд л явж байна. Засгийн газрыг огцруулсан ч үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүд төрийн ажлыг тасалдуулахгүй хийх үүрэгтэй. Угаасаа төрийн ажилд хоёргүй сэтгэлээр хандаж  сурсан бидний суурь хүмүүжил  юм даа. Энэ засгийн газар өнгөрсөн 1.2 жилийн хугацаанд сайн ажилласан гэж боддог. Мэдээж алдаж оносон зүйл байгаа байх. Гэхдээ алд дэлэм алдаа байгаагүй гэж бодож байна. Цаг хугацааны шалгуураар аяндаа юу болсон бэ гэдэг нь дүгнэгдэнэ биз дээ.  Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч болсон ч гэсэн манай яамны ажил хэвийн явагдаж байгаа. Төрийн нэг хором ч зогсох учиргүй.

Засгийн газарт ажиллаж байгаа хүн бүр л сайн ажилласан гэж байхад огцруулах кноп дарсан нөхөд муу дүн тавьсан шүү дээ?

-Өр зээлээ төлж чадахгүй улмаас дампуурлаа  зарлахад тулаад байсан эдийн засагтай, албан ба албан бус хэд хэдэн төсөвтэйн улмаас санхүүгийн хариуцлага сахилга бат алдагдсан, төр засагтаа итгэх иргэдийн сэтгэл санаа алдагдсан, гадаадын хөрөнгө оруулалт зогссон ийм л  Засгийн газрыг бид хүлээн авсан шүү дээ. Энэ болгоныг засахын тулд улсын нэгдсэн нэг төсвийн бодлого хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн хариуцлага сахилга батыг чангатгах, Олон улсын валютын сантай хамтран ажиллах гэрээ байгуулах гээд олон арга хэмжээг хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх байх аа. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж өсөлт гарч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл ч нэмэгдсэн. Монгол улсын нэр хүндийг ч олон улсад өсгөж чадлаа. Хасах 1.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр 5.6 хувь болсон нь ажил гайгүй явсны үр гэж бодож байна.

Энэ бүх ажлыг хийхэд эдийн засгийн хувьд ч улс төрийн нөхцөл байдлын хувьд ч амаргүй үе байсан. Олон улсын байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн шийдвэрүүд ч ажлын явцад бэрхшээл учруулж байсныг хэлэх нь зөв гэж үзэж байна.

-Танай яамны гол анхаарал хандуулсан чиглэл юу байв?

-Монгол орны байгаль экологийн тэнцвэр алдагдаж байна, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нэлээн хүчтэй явагдаж байна. Үүний нэг илрэл нь  олон гол горхи мөрөн хатаж ширгэж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна, мөн хотын хөрсний бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн асуудал, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил, үүнийг тойрсон олон асуудлууд байна. Үүнээс гадна Тусгай хамгаалалтай газар нутгаа бэхжүүлэх, хөрөнгө мөнгө татах, Олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхэд төсөв санхүү хүнд байгаа учраас  олон улсын байгууллагууд руу хандах, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хөрөнгө мөнгө татаж төлөвлөсөн ажлуудаа  хэрэгжүүлэхийг зорьсон.

Тарвага агнахыг хориглосон тухай мэдээлэл гараад байгаа. Ямар хугацаанд хориглох шийдвэр гарав?

-Тарвагатай аймгуудад тарваганы тооллого хийж, ашиглалт явуулах эсэхийг шийдвэрлэх чиглэлийг аймгийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нарт өгч, Засаг дарга нартай байгуулдаг гэрээнд тусгасны дагуу эхнээсээ аймгууд судалгаагаа хийж мэдээ, тайлангаа ирүүлж байгаа. Хууль бус анг таслан зогсоох, нөөцийн ашиглалтыг хариуцлагатай болгох үүднээс агнуурын бүс нутгууд байгуулан, зөвхөн агнуурын бүс нутагт ан агнах бодлогын арга хэжмээг авч байна. Энэ хүрээнд тарвага агнахыг 3 жилээр хориглосон шийдвэрийг гаргасан. Мөн түймрээс сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилттай үед бугын ясан эврийг ойгоос түүж бэлтгэхийг хориглосон байгаа. Манай яамны зүгээс Шинжлэх ухааны академи болон иргэний нийгмийн байгууллагуудтай ан амьтан ургамлын судалгаа шинжилгээ хийж, байнга хамтран ажилладаг. Амьтныг хамгаалах, ашигт шинж чанар бүхий амьтны нөөцийг тогтоох, зохистой тогтвортой ашиглалтыг явуулах мэдээлэлтэй болох чухал байгаа. 2017 оноос эхлэн ашигт чанар бүхий амьтнаас аргаль хонь, янгир ямааны тоо толгой, ашиглах нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд явуулах ажлыг эхлүүлсэн.

Дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортод гаргахыг хориглосон. Өмнө нь хориглох шийдвэртэй байсныг та зөвшөөрлийг эргээд олгосон гэх мэдээллүүд гарч байна?

-Иргэдийн яриад байгаа шиг нэг сайд тушаал гаргаад нэн ховордсон ургамлыг түүх, экспортлохыг зөвшөөрчихдөг юм биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал, орон нутгийн удирдлагууд манай яаманд тухайн орон нутагт ургаж буй ховор ургамлын нөөцийн талаарх мэдээллийг ирүүлж, эрдэмтэд судлаачдын судалгаан дээр үндэслэн сайдын зөвлөлийн хурлаар цаашид хэрхэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг. Сайдын зөвлөлийн хуралд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүс багтдаг юм. Дэрэвгэр жиргэрүүгийн хувьд асуудал яг л дээрх шат дамжлагаар орсон. Хуульд нэн ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглосон байдаг. Иймд яамны зүгээс нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг дэмжихгүй, харин тарималжуулан гадаадад гаргах бодлогыг дэмжих бодлого баримталсан. Гэсэн ч энэ асуудлаар иргэдийн зүгээс маш их гомдол ирүүлж байгаатай холбоотойгоор сайдын зөвлөлийн хурлыг өнгөрсөн долоо хоногт хуралдуулж, ирэх оноос эхлэн дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортлохыг хориглох шийдвэрийг гаргасан. Нөгөөтэйгүүр, сайдын албыг авсныхаа дараа Алтайн барагшуны тархац нөөц багасаж байгаатай холбоотойгоор түүнийг гадаадад гаргах зориулалтаар түүж бэлтгэх, түүж бэлтгэсэн барагшуныг гадаадад гаргахыг 2016 оны 04 дүгээр сараас түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.

Соёмботой уулыг ухахыг хориглох шийдвэр гарсан гэгдээд байсан ч дахиад ухаад эхэллээ. Таны эрх ашиг байна, таныг тэнд хаус авсан гэх мэдээллүүд тархаад байгаа нь ямар учиртай юм бэ?

Өмнөх сайд нарын үед тусгай хамгаалалттай газар нутагт олгосон зөвшөөрөлтэй холбоотой маргаантай асуудлууд их байсан. Хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас эхлээд боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа. Энэ нь томоохон компаниудын эрх мэдэлтэй захирлуудад таалагдахгүй байгаагаас болж бишгүй л дайралт ирж байгаа нь ихэвчлэн нийгмийн сүлжээгээр илэрч байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Соёмботой уулыг ухсан асуудлын тухайд миний өмнө  сайдаар ажиллаж байсан хүний зөвшөөрлөөр олгосон газрын асуудал байсан юм билээ. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан энэ газрыг иргэн н.Төгсжаргал ухаж, барилгын суурь тавих ажлыг эхлүүлсэн ч тухайн үед нь тушаал гарган газар ашиглах эрхийн гэрчилгээг нь цуцалсан. Цаашлаад тухайн компани нь ухсан газраа нөхөн сэргээх ёстой гэдэг шийдвэрийг хүргүүлж, зөвшөөрлүүлсэн. Энэ асуудалд Богдхан уулын дархан цаазат газрын захиргааныхан хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Одоогийн байдлаар яаманд тус газраас ямар нэгэн зөрчил гаргасан асуудлыг ирүүлээгүй байна.

-Бүх сумдад алтны уурхай нээгдсэн тухай мэдээлэл гараад байна. Сумын Засаг дарга нь зөвшөөрөл олгож аман шийдвэрээр ийм байдал үүсээд байна гэх нь бий. Энэ тухай та юу хэлэх вэ?

Ашигт малтмалын тухай хуульд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн компани баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрөл авах ёстой тухай заалт бий. Сум, аймгийн Засаг даргаас эхлээд дур зоргоороо зөвшөөрөл олгочихдог асуудал байна. Нөгөөтэйгүүр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашиг малтмал, газрын тосны газар ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо манай яамнаас санал авдаг баймаар байна.  БОАЖЯ-ны зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих бодлогыг баримталж байгаа. Тэр ч утгаараа аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байгаа. 2012 оноос хойш 10 гаруй хувиар буурч байсан гадаадын жуулчдын тоо 2017 оны эхний хагас жилийн байдлаар 182 мянгад хүрсэн нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 32,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Бид энэ амжилтандаа урамшиж аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилэн боловсруулж салбарын нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Говийн бүсүүдэд бүсчлэн хөгжүүлэхээр заасны дагуу холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн ажил эхэлсэн. Үүнд архитектурын 12 баг хамтран оролцож байгаа.

-Танай яаманд холбогддог нэг том асуудал бол яах аргагүй уул уурхайгаас үүдэлтэй гол мөрний бохирдол. Уг нь та нэлээн ширүүн шийдвэрүүд гаргаад тэмцээд л байх шиг. Гэтэл шүүмжлэл тасрахгүй юм. Шийдвэр  хэрэгжихгүй байна уу, эсвэл салбар хоорондын бодлогын уялдаа муугаас болоод байна уу?

-Уул уурхайн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч БОАЖЯ-ны зүгээс хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, экосистемийг хамгаалах, олборлолтод өртсөн газрыг тухайн аж ахуйн нэгжээр бүрэн нөхөн сэргээлгэж, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ авах шаардлагыг хатуу тавьж ажиллах зарчим баримталж байна. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран хатуу тэмцэл өрнүүлсээр байгаа. Ялангуяа, Архангайн Цэнхэр суманд Орхон голын эхэн дээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд зогсоосны үр дүнд одоо Орхон голын урсгал хэвийн байдалд орсон байна. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Туулын бургасыг их хэмжээгээр сүйтгэсэн “Зүүн баян рефайнери” компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан учир газар ашиглах эрхийг нь мөн цуцалсан. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 4 нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримт дутуу байсныг илрүүлж, “Рич Мөнх” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрхээс гадна Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-д шалгалт хийж, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох арга хэмжээг авч байна. Таван аймгийн 10 гаруй сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг хамруулан шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөрчлийг таслан зогсоосон.

НОГООН ЗЭЭЛИЙН САНГААР ДАМЖУУЛЖ МОНГОЛ УЛС 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТСАН.

-Танай яам гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэлээд татах шиг боллоо. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?

-Сайд, яамны мэргэжилтнүүд гэдэг байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж, дотоод гадаадад ажлаа танилцуулах замаар байгаль хамгаалах үйл ажиллагаандаа дэмжлэг авах учиртай. Бид гадаад хамтын ажиллагаандаа нэлээд анхаарал хандуулж ажилласны үр дүн эхнээсээ гарч байна. Одоогийн байдлаар манай яам гадаад санхүүжилттэй 32 төсөл хөтөлбөрийг 16 аймагт хэрэгжүүлж байна. Эдгээрийн нийт санхүүжилт нь 128 сая орчим ам. доллар болж байгаа бөгөөд зөвхөн 2017 он гэхэд бид 26 сая долларын санхүүжилттэй 5 төсөл эхлүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт татахад олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны томоохон байгууллагуудтай хариуцлагатай хамтран ажиллаж, тэдний найдвартай түнш болох хэрэгтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсад айлчилж, миний бие болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаад буцсаныг та мэдэж байгаа байх. Айлчлалын гол үр дүн нь  Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” олон улсын аянд нэгдэж буй анхны улс болсон явдал юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах олон улсын уулзалтыг энэ онд багтаан НҮБ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тохиролцсон. Эдгээр хамтын ажиллагаа нь санхүүжилт татахад чухал ач холбогдолтой байдаг.

-Иймэрхүү гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж бололцоо ямар байдаг вэ?

-Манай яам хувийн хэвшлийнхнийг ногоон хөгжлийн ажилд оролцуулах тал дээр маш амжилттай ажиллаж байгаа. Бидний санаачлагаар Монголын банкуудын холбоотой хамтран Ногоон зээлийн сан байгуулах бэлтгэл ажлыг хийж, нийт 60 сая ам.долларын санхүүжилттэй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг дэмжих зээлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Үүнд бид Дэлхийн уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт авч байгаа. Энэхүү зээлийн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх ажлыг Хас банк хийхээр шалгарч бид нээлтийн ажиллагааг хийгээд удаагүй байна. Энэ зээлийн хөтөлбөрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талын бизнесийн үйл ажиллагаанд зээл олгох тул ногоон чиг хандлагатай хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бүрэн боломжтой.

Хөрөнгө оруулалтын бас нэг чухал төсөл бол Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд 350 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх, Улаанбаатарын усыг хэмнэх ажил юм. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулснаас үүдэн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгараад байсан Хятадын компанийн гэрээ цуцлагдаж, дээрх төсөл гацахад хүрээд байна. Энэ асуудлаар хэдхэн хоногийн өмнө Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзаж, төслөө үр дүнтэй болгохын тулд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийг шийдэх санал тавьсан.

-Ногоон зээлийн сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Ямар шалгуураар хэнд, ямар хугацаатай олгох зээл вэ. Хэн хэрэгжүүлэх вэ?

-Монгол улс  уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, уг хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй санхүүжүүлэгч байгууллагуудтай түншлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажилласан. БОАЖЯам нь НҮБ-ын Уур амьсгалын Ногоон сантай Монгол улсыг төлөөлөн хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч,  хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон  хөгжил болон уур амьсгальд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр  хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна. Эдгээр төслүүд эхнээсээ хэрэгжиж буй нэг хэлбэр бол Ногоон зээлийн сан  юм. Дээр хэлсэнчлэн Сан ажиллагаанд орсноор байгальд орчинд ээлтэй ногоон бизнес болон агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх ажлыг итгэмжлэгдсэн Хас банкаар дамжуулан урт хугацаатай, хүү багатай зээлээр авах боломж бүрдэж байгаа юм. Зээлийн нөхцлийн талаар нарийвчилсан мэдээллийг иргэд ААН-үүд Хас банкнаас авах боломжтой.

-Агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч чадвал ногоон хөгжлийг цогцлооход томоохон түлхэц өгөх нь гарцаагүй. Улаанбаатарын утааны асуудлыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар гардан хариуцаж байгаа ч танай яамны зүгээс бодлогын ямар ажил хийсэн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Энэ чиглэлийн гол ажил бол 3-р сард Засгийн газраас баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц, байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа яндангууд, нүхэн 00-ийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг нэн яаралтай ажлуудаас гадна орон нутгийг хөгжүүлж хотын төвлөрлийг аажмаар сааруулах, байгаль орчны хуулийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогцоор нь гүйцэтгэх арга хэмжээнүүдийг ч тусгасан. Ингэж чадвал 2025 он гэхэд бид агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах тооцоотой байгаа. Нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулах ажлыг санхүүжүүлэх механизмгүйгээр амжилтад хүрэх боломжгүй юм. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвд ордог. 2015 онд энэ хуульд өөрчлөлт орж орлогыг зориулалтаар нь ашиглахаа больсон байсан. Иймд яамнаас хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна.

-Агаарын бохирдлыг ярихаар дагаад хөрсний бохирдол, хог хаягдал заавал хөндөгддөг. Танай яам Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан байх аа?

-Хог хаягдлын хуулийг шинэчилэн найруулж батлуулсан явдал бол олон мэргэжилтний хүч хөдөлмөр шингэсэн үнэхээр том ажил болсон. Гол нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлоготой сайн уяж, олон улсад тавьдаг стандарт шаардлагад нийцүүлсэн сайн хууль болсон. Тухайлбал, олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг нэвтрүүлж байгаа. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэх нарийн журам, заавар, жагсаалтыг боловсруулж батлуулах ажлыг одоо хийж байна. Шинэ хуулийг орон нутаг, олон нийт, иргэдэд сурталчилж, наадмын өмнө хоггүй цэмцгэр орчин бүрдүүлэх зорилгоор “Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг 6-р сарын 1-нээс орон даяар зарлаж, 3945 гаруй га талбайн хогийг цэвэрлэн, 164 хогийн цэгийг бүрэн устгаж, 21.148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт бөөгнөрүүлж чадлаа.

Хог хаягдлын шинэчилсэн найруулгын бас нэг чухал ач холбогдол бол аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, устгах зохицуулалт хийж эдгээрээс үүдсэн эрсдлийг бууруулсан явдал юм. Тухайлбал, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих ТЭЗҮ хийж, төслийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулаад байна. Яам уг байгууламжийг байгуулах 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ.

Яам Мянганы сорилтын корпорацитай хамтран Улаанбаатарын усны хангамжийн асуудлаар ажиллаж байгаа гэсэн. Усны чиглэлээр өөр ямар ажлыг танай яам хийж байгаа вэ?

– АНУ-ын Мянганы сорилтын сангийн 2 дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хаягдал усыг цэвэрлэж үйлдвэрлэлд дахин ашиглах дэд бүтцийг бий болгох чиглэлээр төсөл боловсруулах, холбогдох судалгаа хийх талд хамтран ажиллаж байгаа. Дэлхийн дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэн усны эх үүсвэрийг хамгаалах, усыг хэмнэх ажил улс бүрийн Засгийн газрын зорилго болоод байна. Манай яам Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж дуусч байна. Эдгээр хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах төлөвлөгөөтэй.

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …