Эр хүн гэж хэнийг хэлэх вэ. Энэ асуултанд бүсгүйчүүд илүү оновчтой хариулт өгөх байх. Гэхдээ эр хүн яг ийм байх ёстой гэсэн заалт, томьёолол хаана ч байхгүй. Ихэнх нь “миний аав л жинхэнэ эр хүн” гэж тодорхойлдог. Толгодын энгэрт морио аргамжчихаад, гаанс нэрэн бодолд автан суугаа, хөрслөг бор царай, зангидсан хөмсгөөр өөрийгөө “гоёсон” тийм л дүр зураг жинхэнэ монгол эр хүнийг илтгэх шиг. Үг дуу цөөтэй, ноён нуруутай, хүлээцтэй, гаргасан шийдвэртэй үнэнч, эр зоригтой, нийгэмд эзлэх байр суурьтай, хүнлэг, нөхөрсөг … гэх мэтээр жинхэнэ эр хүнийг тодорхойлж болох байх.
Тэгвэл энэ цаг үеийн эрчүүд дээрх тодорхойлолтод хэр нийцэх вэ.
Сайхан жудагтай эрчүүд олон байна л даа. Гэвч ёс жудаг ярих ёстой бөхчүүд цадигаа алдаж, шударга ёс тогтоох ёстой хуульч өмгөөлөгчид нь өөрсдөө хууль дүрмээ зөрчиж байна. Та боддоо. Нэг өдөр хуулийн мэдлэг дутмагаас болоод багахан алдаа гаргаж. Маргаангүй хуулийн хариуцлага хүлээхээр болчихлоо. Энэ үед танд тусалж, хуулийн талаас дэмжлэг үзүүлэх хүнийг бид өмгөөлөгч гэж нэрлэдэг. Гэтэл үйлчлүүлэгчдээ тусалж дэмжихийн оронд хуулийн байгууллагын албан тушаалтанг хахуульдах тухай санал болгодог өмгөөлөгч байна гээд боддоо. Түүгээр ч зогсохгүй тантай хамт хууль бус зүйл хийсэн атлаа таны өгсөн мөнгийг аваад алга болчихдог тийм л жудаггүй эр манай өмгөөлөгчид дунд амьдарч, өөрийгөө шударга нэгэн гэж сурталчилж явна.
Энэ хэргийн тухай хавтаст хэрэгт нь дурдсан байдаг учраас илүү нуршаад яах вэ.
Тэгвэл одоо өнөөх өмгөөлөгч маань өөрийгөө тэрбумтан гэж олноо зарлаж, дарцаг шиг хийсч явна. Гэхдээ түүний тэрбумтан болсон шалтгаан нь ч бас жудаггүй. Жудагтай эр дансанд нь тэрбум төгрөгийн орлого орох үед Хятадын компанид ямар үйлчилгээ үзүүлсэнээ давхар зарлах байлаа. Гэвч түүнээс ийм үг гарсангүй. Харин ч намайг доромжилж байна гэх мэтээр гөжүүдлэв. Одоо ч өмгөөлөгчөөс хэрхэн тэрбумтай болсон бэ гэж дахин дахин асуусаар байгаа. Мөн Хятадын компани Монголд ямар үйл ажиллагаа эрхлэхийн тулд түүнд тэрбум төгрөгийн хөлс төлсөн бэ гэдгийг ч давхар асуух шаардлага гарчихаад байна. Хилийн хоригоор шийтгүүлсэн хятад эр туг.мн сайтаар Монголын шүүхийн үйл ажиллагааг буруутгаж байхыг сонссон. Магадгүй энэ л өмгөөлөгчийн тэрбумтан болгосон гол шалтгаануудын нэг байж болох юм. Эрх ашигтай хөтлөгдсөн хүнд эх орноо өмгөөлөх хүсэл байдаггүй биз дээ. Ийм хүнээс жудаг хайх илүү үйлдэл болов уу.