УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2017.10.03)Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, тус газрын мэргэжилтэн П.Уранчимэг, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар байлцлаа.
Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар улс орны өмнө тулгамдаад буй асуудлаар санал бодлоо солилцож, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланд уламжилж, энэ асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:Эдийн засгийн хүндрэлээс гарах үүднээс Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч эхлэхэд бидний байгуулсан нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдсэн. Энэ жилийн 3 дугаар сараас хойш манай үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагуудын хамт Засгийн газар, Ажил олгогч эздийн байгууллагад тодорхой санал тавьж, тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн 5 дугаар сарын 26-наас хойш нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн ч тодорхой шалтгааны улмаас саналаа Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хэлэлцээрийг түр хойшлуулсан.
Энэ үеэр эрүүл мэнд, боловсролын ажилчид цалин нэмэгдүүлэх чиглэлд тодорхой санал, шаардлагуудыг хүргүүлж, багш нарын хувьд 2 удаа ажил хаяж сануулга өглөө. Харин эмч, эмнэлэгийн ажилтнуудын хувьд таньтай уулзаж цалин нэмэгдүүлэх саналаа тавьсан байгаа.
Өнгөрсөн хугацаанд явагдсан бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны бүрэн эрхт 36 гишүүн байгууллага нь аливаа асуудлыг нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр, Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу өрнүүлэх байр суурин дээр зогсож байгаа. Одоогийн Засгийн газар огцорч дараагийн Засгийн газар ирэх долоо хоногт байгуулагдах хүлээлттэй байгааг харгалзан үзэж нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийг шинээр байгуулах асуудлыг түргэвчлэхыг танаас хүсье хэмээв.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Эмч, багш нарын тавьсан шаардлага нь үндэслэлгүй гэж үзэхгүй байгаа. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин нэмэгдээгүй. Эмч нарын хувьд тооцоо судалгаатай, бодитой саналыг тавьсан бол багш нарын хувьд ямар тооцоо судалгаан дээр суурилж саналаа гаргасныг бодох хэрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн яамдууд хамтран салбарын албан хаагчдийн авч буй цалингийн зээлийн хүүг бууруулах чиглэлд Төрийн банк болон бусад арилжааны банкуудтай хэлэлцээрт орсон. Манай байнгын хорооноос мөн тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолд боловсролын салбарт ажиллаж буй багш нарын цалинг ажлын үр дүнгээс хамаарч олгодог байх шинэ тогтолцоонд оруулья гэдгийг тодорхой тусгасан.
Салбарын яамны удирдлагууд ажил хаялт зарласан багш нарын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Цаашдаа багш нарын цалингийн тогтолцоо ямар байх вэ гэдэг дээр улсын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг сонссон. Энэ хэлэлцүүлгээс гарсан бүх саналыг нэгтгэн 10 дугаар сарын 10-ны өдөр салбарын яаманд хүргүүлнэ.
Ирэх долоо хоногт шинэ Засгийн газар байгуулагдаж, үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх боломж бололцоо бий болно гэж би хувьдаа бодож байна” гэлээ.
Үргэлжлүүлэн талууд нийгмийн зөвшилцлийн гурван тал хэлэлцээрийг шинээр байгуулах асуудалд анхаарал хандуулахаас гадна харилцан зөвшилцөж, ойр дөт хамтран ажиллах нь чухал гэдэгт оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.