НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Ховд аймгийн хэмжээнд 7700 гаруй ахмад настан бий.
Ахмадуудын ардын язгуур урлагийн өв санг өсвөр үе, залуучуудад өвлүүлэх зорилгоор бий биелгээ, тууль хайлах, цуур, товшуур, морин хуур, домборын төрлөөр урлагийн тэмцээн явуулж, Алагтолгой, Баатархайрхан, Бичигт, Буянт, Жаргалан, Магсаржав, Рашаант, Хайрхан, Тахилт, Цамбагарав багийн 21 ахмад оролцлоо.
Язгуур урлагийн тэмцээний тэргүүн байрт Алагтолгой багийн Т.Айлаа, Н.Янжмаа, Г.Хонгороо, удаах байрт Рашаант багийн Ш.Русия, Е.Кабетай, Б.Хусанбай, гутгаар байрт Бичигт багийн Ө.Палам, Т.Цэрмаа, Ш.Тэрбиш нарын ахмадууд шалгарав.
Урлагийн тэмцээний шүүгчээр МУГЖ Н.Сэнгэдорж, МУСТА Ч.Ваша, МУСТА Ж.Батнасан нар ажиллаж, ирэх жилийн Эх үрсийн баяраар ахмадууд язгуур урлагийн тоглолтоо үзүүлэх шийдвэрийг зохион байгуулагчид болон шүүгчид гаргасан.
“Ширээний теннис”-ний тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй 4 ахмад настан оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Цамбагарав багийн Д.Батчулуун тэргүүн байр, Магсаржав багийн Д.Дашзэвэг хоёрдугаар байр, Баатархайрхан багийн Ү.Дашням гуравдугаар байрт, эмэгтэйчүүдийн төрөлд Цамбагарав багийн У.Дарьжав тэргүүн байр, Тахилт багийн Д.Цэрэндулам хоёрдугаар байр, Рашаант багийн Ш.Наранцэцэг гуравдугаар байр тус тус эзэллээ.
Мөн түүнчлэн Олон улсын ахмадын өдөр Ард Аюушийн талбайд баярын хүндэтгэлийн зураг авахуулан Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчдийн “Зуун дамжсан аялгуу” тоглолтоор ахмадуудын сонорыг мялааж, аймаг, орон нутаг, салбарын шагналууд гардууллаа.
Мөн өдөр “Ахмадаа дээдлэе” цэнгүүнийг Ховд их сургуулийн Спортын зааланд зохион байгуулсан бөгөөд 500 гаруй ахмад оролцож, дуу болон нийтийн бүжгийн тэмцээн зохион байгуулан урамшуулж, 30 гаруй азтан шалгаруулав.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ОУ-ын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд Мөнхцохилохуй эмнэлэг, Очир сүлд хоршоо зэрэг байгууллагуудтай хамтран сэргээн засах болон өдрийн үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү үйлчилгээ нь үргэлжлэн явагдах бөгөөд асрах хамгаалах хүнгүй, асаргаа үйлчилгээ шаардлагатай ахмадуудад зориулагдсан үйлчилгээ юм.
Эх сурвалж:khovd.gov.mn