Тэвшийн говийн эрчим хүчний “Динозавр”

Аварга том үлэг гүрвэлийн ул мөр үлдсэн Монголын говиос хөгжлийг түгээнэ. Дундговь аймгийн төв Мандалговь хот одоогийн нэршлээр Сайнцагаан сумаас 25 бээрийн газарт Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд бий. Эдийн засгийн хувьд онцгой үр өгөөжгүй хүрэн нүүрсний ил уурхайг байгуулж түүнийгээ түшиглэн аварга том Цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэхээр олон жил зүтгэж яваа том амбиц , олон жилийн хөдөлмөр нөгөө л баялаг бүтээгч Монгол бизнeсменүүдийнх.

Хэдийгээр үр өгөөж багатай, эдийн засгийн эргэлтэд шууд орох боломжгүй орд гэлээ ч нүүрс, усны арвин нөөцтэй байгаа нь 600мтв-ын хүчин чадалтай томоохон цахилгаан станц барих мега төсөлд бүрэн нийцжээ. Том төсөл өөрөө том бэрхшээл, нөр их хөдөлмөрийг дагуулна. 2013 онд Эрчим хүчний яамнаас цахилгаан станц барих зөвшөөрлөө авч байсан бол 2016 оны 1-р сард албан ёсны хэлэлцээр хийжээ. 2017 оны 3 сарын 30-нд Концессийн гэрээг Үндэсний хөгжлийн газартай байгуулсан байна. Гэхдээ бидний ойлгож ирсэн өндөр үнээр хийгээд төрөөс мөнгөө гаргуулаад авчихдаг ”муухай монгол концесс” бус өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулаад өөрсдөө эрсдэлээ ч үүрдэг олон улсад бизнесийн хэлээр ойлгогдож ирсэн эдийн засгийн хөгжлийн шилдэг загвар. Өөрөөр хэлбэл төрийн эрчим хүчний хөгжлийн бодлоготой уялдуулж, төрд эрчим хүчээ хямд үнээр нийлүүлнэ гэсэн үг. Яг ийм сайн загвараар Тэвшийн говийн хүрэн нүүрсийг нэмүү өртөг шингээж эрчим хүч гаргаад эхэлвэл ижил төстэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлэн жортой болоод авна гэсэн үг.

Тэвшийн говийн цахилгаан станц баригдсанаар Улаанбаатар хот, Өмнийн говь найдвартай хямд эрчим хүчээр хангагдаж, Улаанбаатар хотын утааг бууруулахад томоохон нөлөө үзүүлж, Тавантолгой, Оюутолгой болон бусад уурхайнууд эрчим хүчээр бүрэн хангагдаж, ажлын бүтээмж дээшлэн, бүтээгдэхүүний өөрийн өртөг багасч, эдийн засгийн өндөр үр өгөөжөө өгч, олон сая доллараар худалдан авдаг эрчим хүчний импортыг ч зогсоож болно. Дундговь аймаг, говийн бүс нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, цахилгаан станцд доод тал нь 1500 хүний тогтмол ажлын байр бий болж, дагалдах бүтээн байгуулалтанд 10000 орчим хүмүүс ажиллана гээд бодохоор их говийн эрчим хүч шинэ цагийн хөгжлийн түүчээ байх юм.

Төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллаж, жилд хамгийн ихдээ 4016 сая кВт/ц цахилгаан нийлүүлэх боломжтой. Станцыг нэг тэрбум 35 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулахаар тооцжээ. Станц барих хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдаас босгож байгаа бөгөөд станц барьсан зардлаа 15 жилийн хугацаанд нөхөх урьчилсан тооцоог гаргасан. Тэвшийн говийн цахилгаан станц нь усны хамгийн бага хэрэглээтэй, агаар мандал болон хүрээлэн буй орчинд хаягдах бохирдлыг бууруулж чадсан экологид ээлтэй үйлдвэр байх юм. Ердийн цахилгаан станцын усны хэрэглээний дөнгөж 3%-тай тэнцүү хэмжээний маш бага ус хэрэглэнэ гээд бодохоор, бас хөрсний цэнгэг ус биш уурхайгаас шавхсан ус ашиглана гэдгийг сонсоод сэтгэл амарч ам цангахыг мартав.

Аливаа улс орны хувьд эрчим хүчний битүүрэл гэдэг чухал асуудал байдаг тухай төслийн удирдагч Б.Батмөнх ярьж байна. Хэрвээ бид энэ төслөө амжилттай хэрэгжүүлбэл манайхаас баруун аймагруу ч бас эрчим хүчний шугам тавих асуудал яригдана. Энэ төсөл ажил хэрэг болсон үед Монгол улс эрчим хүчний найдвартай системээр хангагдлаа гэж ойлгож болно хэмээн монгол бизнесмен Монгол тулганыхаа галыг хэрхэн бадраах тухай сэтгэл догдлон өгүүлж байна.

Тиймээ эрчим хүчний хувьд гадны улс орноос хараат биш болж аль социолизмын үед төрийн бодлого болж байсан эрчим хүчний битүүрэл бий боллоо гэсэн үг шүү дээ. Ирээдүйд хоёр хөршөөсөө эрчим хүчээ авч, олон сая долларын валют гадагшилж байгаа урсгалыг зогсоох, том том бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн суурь дэд бүтэц нь Тэвшийн говийн эрчим хүчний “Динозавр” байх бизээ. Том төсөл, зөв амбиц, эх оронч үзэл гэж үүнийг л хэлмээр санагдлаа.

Д.Гал

Эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …