Үүрэг гүйцэтгэгчдийн сүүлчийн томилгоог шүүх түдгэлзүүлж, Төрийн албаны зөвлөл буруутгалаа

Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг үнэн үг юм.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ.
Үүрэг гүйцэтгэгчид долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 27-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон. Харин тэдний энэхүү сүүлчийн томилгоо хууль зөрчсөн талаар албан ёсны дүгнэлтүүд гараад эхэлжээ.
Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг илгээсэн байна.
Уг албан бичигт “…Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35’. 1, 35’ 4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/1357 тоот албан бичиг захиалгыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг 2016 оны наймдугаар сарын 25- ны өдөр зарлаж, 2016 оны  есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан.
Уг нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр иргэн С.Батбаатар, Ж.Болормаа, Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүрттэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бич­гийн даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны эөвлөлийн 2016 оны 113 дугаар тоггоо­лоор нэр дэвшүүлсэн болно.
Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг үндэслэж иргэн Б.Баярсайханыг Засгийн газрын 2016 оны 115 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон.
Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолоор Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Б.Баярсайхан уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд тус шүүхийн шүүгчийн 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 128/Ш332017/5193 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б Баярсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
Иргэн Б.Баярсайханы нэхэмжлэлээр үүссэн маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэн Ж.Болормааг Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилжээ.
Иргэн Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тогтоол нь Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна
Төрийн албаны эөвлөлийн 2016 оны 113 дугаар тогтоол нь иргэн С.Батбаатар. Ж.Болормаа. Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэр болохоос Ж.Болормааг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн шийдвэр биш юм
Иргэн Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35’1. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам’-ын 34. 40 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байна
Иймд Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 291 дүгээр тоггоолыг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авна уу” гэжээ.
Түүнчлэн энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайханы өмгөөлөгч З.Сүхбаатараас тодруулахад “…Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах чиг үүрэг бүхий Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлт, хэрэгжилтийг улс даяар зохион байгуулж хангах төрийн дээд байгууллага бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн” хэмээн тодорхойлсноор хуульд захирагдаж, шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан журмын дагуу гаргах ёстой юм.
Гэтэл Засгийн газар Б.Баярсайханд холбогдох шийдвэрийг гаргахдаа нэгдүгээрт бодит үйл баримтаас урган гараагүй, хоёрдугаарт хууль зүйн үндэслэлийг заагаагүй байдаг. Тодруулбал, эрх бүхий байгууллагын шийдвэрт тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүйгээс гадна тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг зөрчиж дур зоргоороо шийдвэр гаргасан байдаг.
Монгол Улсад хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага нь өөрөө хуульд заасан журмыг зөрчиж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулсан шийдвэрийг олон нийтийн дунд хэвийн үзэгдэл мэт ойлголт төрүүлж буйд харамсалтай байна” гэсэн юм.
Ингэхээр хуульд нийцүүлнэ гэвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормааг  чөлөөлж таарах юм байна. Өөрөөр хэлбэл, хуулийг дагаж, шударга ёсыг тогтоохоор ажиллах шинэ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн эхний шийдвэрүүдийн нэг нь энэ болох бололтой.
Ер нь бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын халаа сэлгээ анхнаасаа улстөржсөн шинжтэй байсныг сануулах нь зөв байх.
Дөрвөн сарын өмнө, зургадугаар сарын сүүлчээр Засгийн газрын хуралдаанаар Ж.Батсуурь сайдыг ажлаас нь чөлөөлсөн. Хурлын дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд “…Ер нь БСШУСЯ-нд үүссэн нөхцөл байдалд ажил хэргийн уялдаа, удирдлагын менежмент алдагдсан, удирдлагууд нь хоорондоо зөрчилдсөн гэдэг шүүмжлэл ирсэн. “…БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллаж чадахгүй” гэдэг саналаа тус яамны газар хэлтсийн дарга нар ирүүлж байсан асуудлууд ч гарсан. Замбараагүй байдал үүсгэж байгаа салбарыг цэгцлэх ёстой. Салбарын ажлыг нь сайжруулж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд асуудалд хандаж, УИХ шийдвэр гаргалаа. Цаашдаа хариуцлага алдаж байгаа сайдууд, төрийн өндөр албан тушаалтнуудад хатуу хариуцлага ярьж, асуудлыг шийдэж ажиллана” гэж мэдээлэл өгч байв.
Удалгүй, долдугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Хамгийн марзан нь Б.Баярсайханыг “…Ажлаа сайн хийгээгүй, салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй” гэсэн үндэслэлээр халсан байдаг юм. Б.Баярсайхан энэ шийдвэрийг эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Харин “…Б.Баярсайханыг ажлаас чөлөөлсөн нь МАН дахь зөрчилтэй холбоотой. Засгийн газартай зөрчилдсөн МАН-ын нөлөө бүхий улстөрчийн хүн учраас ажлаас нь халж байгаа юм” гэх яриа Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар яригдаж байсан.
Мөн Мэргэжлийн Засгийн газар огцорч, үүрэг гүйцэтгэгчид болсон хойноо хууль зөрчин байж МАН-ын Хяналтын хорооны дарга Х.Болдмандалын эхнэр Ж.Болормааг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь дээрх шалтгаантай холбоотой байж мэдэх юм.
Бас нэг мэдээлэл яригдаж байгаа нь Төрийн нарийн бичгийн дарга болохоор Төрийн албан зөвлөлийн шалгалтад нэр бүхий дөрвөн хүн орсон. Тэднээс Б.Баярсайхан хамгийн өндөр, Ж.Болормаа хамгийн бага оноог авсан байгаа юм.
Юутай ч энэ мэтийн но-той, ноцтой асуудлаар дүүрэн Төрийн нарийн бичгийн даргын суудлыг тойрсон томилгоо хууль номынхоо дагуу шийдэгдэж мэдэхээр болсон байна. Дээр хэлсэн “…үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэх ардын үгийг дахин хэлье. Бас “…буцах эхнэрт үхэр тугал нийлэх хамаагүй” гэдэг үг бий.
Улстөрчдөд үзэл бодлын зөрүү, зөрчил байж л байдаг. Харин ингэтлээ төрийн албаар “наадаж” зөрчилдөнө гэдэг байж болохгүй юм. Ийм явдал үүгээр дуусах болтугай.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …