Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмжид зааснаар Хүнсний зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь тэгш гөлгөр (нүх сүв, ан цавгүй), зэвэрдэггүй материалаар хийсэн гадаргуутай, цэвэрлэх, халдваргүйтгэх, ариутгахад тохиромжтой байх ёстой.
Хүнсний зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг үл зэврэх ган болон бусад төрлийн бат бөх (өндөр температурт тэсвэртэй, хуурч, ховхорч унахгүй, нүх сүв ан цав гараагүй, угааж цэвэрлэхэд хялбар) эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийсэн байх шаардлагатай. Мөн ус нэвчиж, бохирдол хуримтлагдахааргүй, гагнаас нь (барил, ирмэг гэх мэт) сайтар бэхлэгдсэн байна.
Энгийн төмөр тогоо түлэгдэх, зэврэх, гэмтэх нь их байдаг. Зэврэлт нь тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх төдийгүй, хоолны амт, шинж чанарт сөрөг нөлөөтэй. Төмөр гадаргуу устай урвалд орж исэлдэлт явагдсанаар багаж, тоног төхөөрөмж зэвэрдэг. Энэ нь тоног төхөөрөмжийг цоолох, ан цав гаргах, металл хэсэг нь ховхорч, улмаар хоол хүнстэй хамт хүний биед орж хоолой, ам црах, зүсэх эрсдлийг бий болгоно. Түүнчлэн зэв нь хоолны амт чанарт ч нөлөөлөхөөс гадна, тоног төхөөрөмжийн ан цав гарч, цуурсан хэсэгт хоолны үлдэгдэл үлдэж нянгаар бохирдох эрсдэлтэй.
Мөн зориулалтын бус, төрөл бүрийн материалаар өнгөлсөн сав суулга, хоолны тогоо зэрэг нь ховхорч хоолонд орох, хар тугалга, никель, хром зэрэг хүнд металлыг ялгаруулснаар хүний эрүүл мэндэд харшил, багтраа үүсгэхээс зэрэг эрсдэлтэй байдаг.
Түүнчлэн хоол хүнсийг бэлтгэх, чанах, халаах, хөргөх, хөлдөөж хадгалах зориулалтаар ашиглах аливаа тоног төхөөрөмж нь шаардлагатай хэмд аль болох түргэн хүрэх, хэмээ тогтвортой барих, дулааны хэмийг хянах тохируулгатай, хийц, бүтэц нь хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, зориулалтын байх шаардлагатай.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв