/Өнөөдөр “Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвийн хүрээнд 19-р эрдмийн чуулга “Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг”-т болж байна. Нэг өдрийн хугацаанд үргэлжлэх уг үйл ажиллагаатай холбогдуулж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэс засал, гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Б.Чулуунбаттай ярилцлаа./
-Чуулганыг ямар байгууллага зохион байгуулж хэдэн дүүрэг, аймгийн эмч нар оролцож байна вэ?
Энэхүү чуулганыг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”, “Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтэнүүдийн холбоо” болон “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг” хамтран байгуулж 21 аймаг, есөн дүүрэг, Цэргийн эмнэлэгийн гэмтэл согогийн эмч нар оролцож байна. Хөвсгөл аймаг гэмтлийн хоёр эмчтэй, хоёулаа энэ чуулгат оролцохоор ирсэн.
-Уг арга хэмжээний зорилтыг тайлбарлана уу?
Манай улсын гэмтэл согогын тусламж үйлчилгээ жил жилээр сайжирч байгаа ч гэсэн асуудлууд тулгардаг. Тухай бүрд нь арга хэмжээ авсан ч шинэ асуудлууд гарч ирсээр байдаг. Аливаа зүйл төгс хөгжих боломжгүй ч гэмтэл согогийн тусламж үйлчилгээг хэрхэн хөгжүүлж сайжруулах талаар мэргэжлийнхэн авч хэлэлцэж байна. Олон улсын хувьд шинэ зүйлс, төсөл санаачлагууд гарч хэрэгжин явсаар байдаг. Салбартай холбоотой ажлууд, санал санаа, асуудлыг илтгэлүүдэд тавин хэлэлцэж байна.
-Хэдэн илтгэл тавих вэ?
Нийт 20-иод илтгэл явж байна. Ерөнхийдөө судалгааны илтгэлүүд байгаа. Манайхтай хамтардаг гадаадын байгууллагууд оролцож байгаа.
-Өнөөдөр салбарын нөхцөл байдал ямар байна, эмчилгээний ямар шинэ хувилбарыг дэвшүүлж байна вэ?
Манайд гэмтэл согогийн салбарын үйл ажиллагааг эхлүүлээд удаж байгаа. Мэс заслын суурин дээр үүссэн. Гэмтэл согогийн эмнэлэг 1980 оны сүүлээр мэс заслаас клиник болж, бие даан гарсан. Харин зарим аймаг мэс заслаасаа салаагүй учраас төрөлжиж хөгжих боломж нь дутмаг байгаа. Гэмтлийн хагалгааг хийхэд ордог эмчилгээний хэрэгслүүдийг хэрэглэдэг. Ирээдүйд эмчилгээний хэрэгслүүдийг иж бүрнээр нь нэвтрүүлэх санааг дэвшүүлмээр байна. Мөн 80,000-аас дээш хүн амтай аймгуудын мэс засал болон гэмтэл согог хоёрыг салгавал гэмтэл согог бие даан хөгжих боломжтой болно. Учир нь гэмтэлийн эмч яаралтай мэс засал хийлээ гэхэд гэмтэл согогийн эмчилгээ тэр үеэр удаашрах гэм мэт зүйл гардаг. Ийм зүйлсийг яамар дамжин, тоот бичиг гаргаж, төсөв мөнгийг шийдэн хийдэг.
Б.Халиун