Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос 10 дугаар сарын 20-ны өдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцаж, шинэ сайд Д.Цогтбаатарт ажлын амжилт хүсэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1988 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургуулийг дүүргэж, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлалаар магистр, Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг олон улсын эрх зүйгээр магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн. Англи, орос, кхмер, тай хэлтэй.
Д.Цогтбаатар нь 1994 онд ажил хөдөлмөрийн гараагаа Гадаад харилцааны яамнаас эхэлж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Гадаад бодлогын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд зэрэг төрийн хариуцлагатай өндөр албан тушаалыг хашиж ирсэн мэргэжлийн дипломатч бөгөөд 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байна.
Эх сурвалж: ГХЯ