Эрчим хүчний салбарын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2017.10.23/ болж, харъяа үйлдвэр компани болон нүүрсний уурхайн удирдлагууд оролцлоо. 2017- 2018 оны өвлийн бэлтгэл 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үйлдвэр, компаниуд төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа тайлагнав. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажил Дорнод бүсэд 96%, баруун бүсэд 90%, Өмнөд бүсэд 95%, Алтай Улиастай бүсэд 97%, Төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 90%-ийн биелэлттэй хэрэгжиж байгаа аж. Станцуудын нүүрсний хангамжийн бүрдүүлэлт хэвийн байна. Өнөөдрийн байдлаар станцууд 15 – 30 хоног буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь өвлийн их ачааллын үед хэвийн ажиллах горимыг хангах үзүүлэлт юм.
Нүүрсний уурхайнууд авахад бэлэн нүүрсний нөөцөө бүрдүүлэн ажиллаж байгаа ч, Багануур, Шивээ Овоогийн уурхайн зарим машин механизмын насжилт хэтэрч, ашиглалтын хугацаа дууссан зэрэг асуудлыг хөндөв.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний шинэчлэл, засварын ажил бүрэн хийгдсэн тухай мэдээллийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир өглөө. Харин Хан-Уул дүүрэг дэх “Могул таун” хотхоны айл өрхийг дулаанд холбох ажил гүйцэтгэгч компанийн асуудлаас үүдэж хойшилж байгааг онцлоод, оршин суугчдыг дулаанаар хангах ажлыг яаралтай шийдвэрлэхээр тодорхой түвшинд ажиллаж буйг тодотгов.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өвлийн их ажил хаяанд ирлээ. Өмнөх жилүүдээс харьцангуй хүйтрэх төлөвтэй байгаа мэдээллийг УЦУОШГ-аас өгч буйтай холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг онцгойлон анхааруулъя. Өнөөдрийн байдлаар манай салбарынхан өвлийн бэлтгэл ажлаа 90 гаран хувьтай базаагаад байгаа нь сайн мэдээлэл хэдий ч, их ачааллыг давж гарахад биднээс багагүй хүчин чармайлт шаардана. Тиймээс хүн бүр сэтгэл зүтгэлтэй ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Мөн салбарт тодорхой хэмжээнд техникийн шинэчлэл хийгдэж, үйл ажиллагаа хэвийн сайн байгааг тодотгоод дор бүрнээ хариуцлагатай, шуурхай байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр үдээс хойш салбар үйлдвэр, компаниудад ажиллана.
Эрчим хүчний яам