Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид өртөн сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ.
“Эрэн хайх, аврах ажиллагааг өглөө 06:20 цагт эхлүүлсэн. Эрэн хайх ажлын явц үргэлжлээд 11:15 минутад эхний иргэнг нас барсан байдалтай олсон. 11:40 минутад гурав дахь иргэнийг нас барсан байдалтай олсон.
14:28 минутад тав дахь иргэнийг олсон байгаа.
15.15 минутад хоёр иргэнийг нас барсан байдалтай олсон. Нийт 7 иргэнийг нас барсан байдалтай олоод хүлээлгэж өгсөн байгаа” гэж ОБЕГ-аас мэдээллээ.
“Эдгээр хүмүүсийг 3,200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон. Уулчид хадан хясаа руу унасан байх магадлалтай гэж ослын газар ажиллаж буй ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна.
Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг 32 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Тэнд хараахан очоогүй байгаа аж.
Сураггүй болсон хүмүүсийн 4 нь эмэгтэй, 13 нь эрэгтэй. Тэдний насны талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа талаар албаныхан хэлэв.
3,200 метрийн өндрөөс амиа алдсан хүмүүсийн тухай мэдээллийг станцаар өгч байгаа. Өндрөөс буулгасны дараа цогсыг таниулах, нэрийг нь тогтоох ажиллагаа хийх юм байна.
Өнөөдөр үзэгдэх орчин хязгаарлагдах буюу харанхуй болвол эрэн хайх, аврах ажиллагааг зогсооно. Аврах ажиллагааг хэдэн цагт зогсоохыг ажиллагааг удирдаж буй албан тушаалтан шийднэ гэв.
Амиа алдсан уулчдын тоо 10 болсон байна. Эрлийн багийнхан 16.50 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхны хавцлаас дахин гурван цогцос олсон байна.
Бүрий тасармагц эрлийн ажиллагааг зогсоох аж. Иймээс эрэн хайх ажиллагаа маргааш өдөр ч мөн үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.