Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон 17 хүний талаар 18:00 цагт ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа.
ОБЕГ-ын Штабын дарга, генерал Г.Ариунбуян хэлэхдээ “Отгонтэнгэр” ууланд сураггүй болсон уулчдын талаар цаг үеийн мэдээлэл хүргэж байна. 15:45 минутанд гурван иргэн нас барсан байдалтайгаар олдсон. Одоогийн байдлаар 10 нас барсан иргэдийн цогцсыг олсон. Эрлийн багийнхан 17 цагаас уулнаас буусан. Эдгээр нас барсан 10 хүнийг 3200 метрийн өндрөөс олсон мэдээлэл байна. Отгонтэнгэр уул 4000 метрийн өндөртэй, өөрөөр хэлбэл 600-800 метрийн цасан уналт үүссэн байж болзошгүй. Завхан аймагт ажилласан багийн ирүүлсэн мэдээгээр хад чулуутай, цасан нуранги үүссэн гэж дүгнэж байна. Харин амьд үлдсэн иргэдийн мэдээллээр их чимээ гарч, урьд алхаж байсан уулчид доошоо хавцал руу унасныг харсан. Тэд ууландаа хоноод доошоо буусан гэсэн мэдээлэл өгсөн. Харин амь үрэгдсэн уулчид хавцал тал руу эгц уруу тал руугаа буусан. Цастай байсан учир нуранги үүсээд осолдсон гэсэн мэдээлэл ирлээ. Нас барсан 10 иргэний 7 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй хүн байсан. Маргааш цогцсыг таниулах ажлыг хийнэ” гэж мэдээллээ.