Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцэв.
Хуралдаанаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаарх саналыг үндэслэлгүй гэж үзэн дээрх зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хууль тогтоогчид санал хүргүүлэхээр болов.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх