-ХААИС-ийн шинэхэн ректор мэдээж ажлаа алсыг харж, холыг бодож эхэлж байгаа биз. Хамгийн түрүүнд сургууль дээрээ ямар асуудлыг барьж авч байна?
-Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгчээр найман сар ажиллалаа. Жинхлээд сар гаруй болж байна. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа сургуулийнхаа оюутны хөгжил, багш нарынхаа сургалт судалгааны орчинг бэхжүүлэхийн төлөө ажиллалаа. Манай сургууль дээр сургууль, багш оюутныг холбосон “Оюутны хөгжлийн хөтөлбөрийн сан” гэдгийг шинээр байгууллаа. Өнөөдөр ХААИС-д арван мянган оюутан суралцаж байна. Энэ нь өөрөө арван мянган оюутны хөгжлийн хөтөлбөрийн сан гэсэн үг. Жил бүр энэ сангаас шилдэг хөгжлийн хөтөлбөрийг шалгаруулж тухайн жилдээ оюутнуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг хичээж байгаа юм. Тэгэхээр 2013-2014 оны хичээлийн жилд манай сургуулийн тавьж байгаа гол зорилго бол сургалтын их сургуулиас судалгааны их сургуульд шилжих анхны жил болж байгаагаараа бас нэг онцлог юм. Энэ зорилгын хүрээнд оюутан бүр судлаач байх, профессор бүр мэдлэгийн менежер байх, профессор судлаач бүр өөрийнхөө судалгаан дээр суурилсан гарааны компаниудыг байгуулах гэсэн томоохон зорилт тавиад ажиллаж байна. Сайхан ажил хэрэг болно гэдэгт ихээхэн итгэлтэй байгаа.
-Та бол ХААИС-ийн төгсөгч бүтээгдэхүүн нь бас нэлээдгүй хугацаанд ажилласан. Энэ сургуулийн хувьд бол өөрөө хуучин хүн. Тийм ч учраас төгссөн сургуулийнхаа захирал нь боллоо. Тэгэхээр сургуулийнхаа асуудлуудыг олоод харчихсан хүн гэж ойлгож болох уу?
-Бидний тавьсан зорилго бол сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох шүү дээ. Энэ зорилгын хүрээнд өмнө нь сургалтын их сургууль байх үеийн оюутан, сургалтын их сургууль байх үеийн багш зэрэг бүхий л үйл ажиллагааны стандарт болж өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр сургалтын их сургуульд суралцаж байгаа оюутан маань багшийн өгсөн мэдээллийг зөвхөн танхимын сургалтаар дамжуулж авдаг байсан бол судалгааны их сургууль болсноороо суралцагч оюутан бүр судлаач болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ШУ-ны мэдлэг мэдээллийг өөрөө олж аваад, харилцан ярилцдаг сургалтын хэлбэрт бүх хичээл маань шилжих боломжтой болж байгаа хэрэг. Судалгааны их сургууль болсоноороо манай сургуулийн орлогын бүтцэд өөрчлөлт гарч эхлэж байгаа. Сургалтын төлбөр дээр суурилсан орлогын бүтэцтэй байсан бол судалгаа үйлдвэрлэл бизнесийн орчноос орлогынхоо бүтцийг шинэчлэж орлогын олон сувгийн эх үүсвэртэй болох боломж бидэнд бүрдэнэ. Ингэснээр бид цаашдаа ХАА-н чиглэлд сургалт үйлдвэрлэл, бизнес эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагуудыг татаж авдаг хандлагыг бий болгоно. Ингэснээрээ манай ХААИС сургалт,судалгаа, зөвлөх үйлчилгээг улсын хэмжээнд бүс нутгийн хэмжээнд бий болгох боломж бүрдэнэ гэсэн үг. Өнөөдөр бусад төрийн өмчийн их сургуулиуд бүгд адилхан орлогын бүтэцтэй байгаа. Зөвхөн бакалаврын сургалтын төлбөрөөс орлогын 95 хувь нь бүрддэг. Тэгвэл бид нар судалгааны их сургууль болсноороо орлогынхоо 50 хүртэлх хувийг сургалт судалгаа, үйлдвэрлэл бизнес, зөвлөх үйлчилгээнээс олдог болох юм. Энэнд хүрэхийн төлөө хичээж ажиллана гэж бодож байгаа. ХААИС-ийн хувьд бол жинхэнэ монгол бизнес, монгол брэнд гэдгийг гаргах боломжтой. Тийм учраас бид судлаач, профессорууд маань өөрийн гэсэн гарааны компанитай болохыг дэмжиж байгаа. Энэ алхам маань 2013-2014 оны хичээлийн жилд хийгдэнэ. Учир нь профессорын тогтолцооны журмыг шинээр батлаад үйл ажиллагаагаа хийсэн. Өнгөрсөн хавар таван сард бид нар анхны гарааны компанийг байгуулсан байгаа. Мал аж ажуйн эрдэм шинжилгээний хүрээлэн дээр ХААИС, ҮХААЯ, БШУЯ-ны хоорондын түншлэлийн гурван талт гэрээ байгуулаад, 933 сая төгрөгөөр малын тэжээл тарих, тэжээлийн үйлдвэр барих ажлыг бид нар Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхлүүлээд явж байна. Энд 337 га газар боловсруулчихсан байгаа. Тэгэхээр МАА-н чиглэлээр сурч байгаа оюутнууд судлаачид маань энэ компани дээр очиж ажиллах боломжтой гэсэн үг. Энэ компанийг хөл дээр нь босгосны дараа бизнес рүү хамтын концессийн гэрээгээр ажиллуулах юм уу зах зээлд гаргаж борлуулаад, их сургуулийнхаа орлогыг бий болгох зорилготой. Ийм хэлбэрээр үндсэндээ 33 компанийг гаргах судалгаа хийж байна. Энэ хичээлийн жилд эхний ээлжинд ийм хэлбэрийн гурван компанийг байгуулаад зах зээлд гаргахаар ажиллаж байна.
-БШУЯ-аас их дээд сургуулиуд дээр хяналтын тоо өгч байгаа. Энэ хичээлийн жилд танай сургууль хяналтын тоон дээрээ барьсан уу эсвэл илүү гаргаад л явж байна уу. Бас нэг асуудал сургуулиудын сургалтын чанрын асуудал байдаг. Шинэ бүрэлдэхүүн сургалтын чанар дээр хэр анхаарч байна?
-ХААИС-ийн хувьд цаашдаа бакалавар оюутныхаа тоог цөөлөх бодолтой байгаа. Энэ хичээлийн жилд бид БШУЯ-аас манай сургуульд 2300 оюутан элсүүлж авна гэсэн хяналтын тоо өгсөн. Манай сургуулийн хувьд анх гаргасан босго оноондоо бариулаад энэ жил зөвхөн 2000 оюутан элсүүлж авч байгаа. Тэгэхээр бидний орлогын бүтэц маань 300 оюутнаар тасарна гэсэн үг. Энэ эрсдэлээ бид эрдэм шинжилгээ судалгааны ажил дээрээ суурилж олж авах юм. Ямар нэг шинэчлэлийг хийхэд их бага хэмжээгээр эрсдэл гардаг. Ийм өөрчлөлтийг бид одоо хийхгүй бол болохгүй. Зөвхөн бакалавар оюутны тооны хойноос хөөцөлдөөд байвал сургалтын орчин маань сайжрахгүй, судалгааны орчин ч сайжрахгүй, сургалтын чанар муудна гэсэн үг. Тийм учраас энэ хичээлийн жилээс эхлээд томоохон алхмуудыг хийж байгаа. Сургалтын чанар сайжруулах том алхам бол сургалт үйлдвэрлэлийн дадлагад оюутнуудыг илгээх асуудал байгаа. Энийг бид тодорхой зохион байгуулж байгаа. Нэгдүгээрт нь ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын томоохон компаниудтай гэрээ хийгээд оюутнуудаа илгээж байна. Эхний алхмыг бид амжилттай хийсэн. 2013 оны 6 сарын 3-нд 1000 оюутныг нэгэн зэрэг сургалт үйлдвэрлэлийн дадлагад үдэж өгсөн.1000 оюутан маань тухайн компаниуд дээрээ очиж сургалт үйлдвэрлэлийн дадлага хийхийн зэрэгцээ цалин авч байгаа. Тухайн оюутан маань 1-5-р курс хүртлээ тухайн компанийнхаа үйл ажиллагаатай бүрэн танилцаж, өөрийнхөө ямар боловсон хүчин болохоо харуулах боломжтой. Ингэснээрээ манай төгсөгчид шууд ажлын байртай болох боломж нь бүрдэж байгаа хэрэг. Мөн хамтран ажиллаж байгаа компаниуд маань манай оюутнуудаас сайн гэж байгаа суралцагчийн сургалтын төлбөрийг төлөөд өөрийн компанидаа маш сайн боловсон хүчин сайн менежерийг бэлтгүүлж авах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Хоёрдугаарт, гадаад харилцаанд хамтын ажиллагаатай байгаа их сургуулиуддаа өөрийн оюутнуудаа илгээж байгаа. Яг тийм тоогоороо ХААИС-д гадаадын оюутнуудыг ирүүлж хамтарсан сургалт үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулдаг. Энэ нь манай оюутнуудын хөгжих бас нэг үндэс болно гэж ойлгож болно.
-Улсын ажилд хоноцийн сэтгэлээр ханддаг хүмүүс байхад өөриймсөг ханддаг нэгэн ч байдаг. Сүүлийн үед шинэчлэлийг магнаг болтол ярьж байна. Тэгэхээр шинэ захирал бол шинэ бодлого, шинэ эрч хүч байдаг гэж ойлгодог. Ажлыг гялалзуулж байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Би өөрөө ХААИС-ийг төгссөн төгсөгч нь Магистр, Докторын сургуулийн захирал мөн ХААИС-ийн дэд захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаад, 2012 оны 12 сарын 21-ний өдрөөс эхлээд үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод сарын өмнө жинхлээд энэ хариуцлагатай албанд ажиллаж байгаа маань энэ. Сургуулийнхаа орчинг бол сайн мэднэ. Тийм болохоор хамгийн түрүүнд ХААИС-ийн сургалтын чанар, судалгааны орчинг сайжруулахаас шинэчлэл эхлэнэ гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд тооноос чанарт гэсэн үндсэн зарчмыг бариад ажиллаж байна. Оюутан бүрийг хөгжүүлье, сургалтын орчинг сайжруулая, шинэчлэлийн хүрээнд сургуулийн бүтэц давхардсан хөтөлбөрүүдийг багасгах өөрөөр хэлбэл оюутны тоог бууруулах нийгэмд үр ашиг багатай илүүдсэн хөтөлбөрүүдийг нэгтгэх, улам чанаржуулах ажлыг хийж байна. Мөн сургуулийнхаа бүтцийг чадварлаг цомхон бүрэлдэхүүнтэй болгоё гэж бодож байгаа. Судалгааны их сургууль болох гэж байгаа учраас бид нар ХААИС-ийн энэ кампус дотор ХАА-н шинжлэх ухаан үйлдвэрлэлийн парк гэдгийг байгуулах төслийг бас эхлүүлэх гэж байна. Ингэснээрээ бид нар нэгдсэн лабораториудтай болно. Зөвхөн судлаачид профессорууд судалгаа хийдэг биш бүх оюутнууд эрдэм шинжилгээний ажилтнууд манай ХААИС-д харьяалагддаг бүхий л хүмүүс судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулдаг ийм боломжийг бүрдүүлнэ. ХААИС-ийн нөгөө нэг хэсгийг зөвлөх үйлчилгээ эзлэнэ. Энэ нь ХАА-н чиглэлээр болон бусад чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудын судалгааны орчинг бүрдүүлж өгнө. Энэ хүрээнд бид нар хоёр томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Таван сард “Экологид ээлтэй ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ” гэсэн төслийг 1.5 сая долларийн санхүүжилттэй Японы “Кояико” байгууллагатай хамтран эхлүүллээ. Саяхан ҮХААЯ болон БШУЯ-ны сайдтай яриад мөн “Кояико”-ийн санхүүжилтээр ХАА-н ойн мэдээллийн сан бүрдүүлэх зургаан сая долларын төслийн эхний хэлэлцүүлэгт гарын үсэг зурсан. Энэ ажил маань амжилттай хэрэгжих юм бол дөрвөн жилийн хугацаанд хийгдэх томоохон төсөл байгаа. Тэгэхээр манай сургууль цаашдаа судалгаанд суурилсан олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлснээр хөгжлийн томоохон алхам болно гэж найдаж байна.
-Монгол улсад ХААИС том сургуулийн тоонд ордог. Байршлын хувьд ч гэсэн боломжийн газар байрладаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн шинэчлэл бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй юм шиг санагддаг. Одоо арай өөрөөр харж оюутны дотуур байр, сургуулийн хичээлийн байр, багш ажилчдын байр, чөлөөт цаг өнгөрөөх газар номын сан гээд олон зүйлийг шинэчлэх цаг болсон гэж бодохгүй байна уу?
-Манай ХААИС Зайсанд 12.5 га газрыг эзэмшиж, кампус хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Кампус дотор байгаа сургуулийн барилга байгууламжийн ихэнх нь хичээлийн байр байгаа. Мөн багш ажилчдын болон оюутны байр байна. Өмнө 12.5 га газраас нэлээд том талбайнууд байсан. Бид өөрсдөө хамгаалж чадаагүйн улмаас ихээхэн шахагдаж, сургуулийнхаа гадна спортын ил талбайтай болж чадаагүй өдий хүрсэн. Тийм учраас бид өнгөрсөн 6 сарын 1-ээс 10 сарын 01-ны хооронд эхний ээлжинд гурван бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхний ажил нь оюутны 1,2-р байрыг иж бүрэн засч тохижуулах байсан. Хоёр дахь нь сургуулийнхаа нийт оюутнуудад зориулаад спортын ил талбай барьж байгаа. Спортын ил талбайг барихдаа сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайгаас гадна хөл бөмбөгийн талбайтай гүйлтийн замтай, тойроод орчин үеийн гэрэлтүүлэгтэй, суудалтай, Улаанбаатар хотдоо томд тооцогдох сүүлийн жишиг спортын талбайг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Гурав дахь нь манай сургуулийн соёл урлагийн танхимыг театрын түвшинд зохион байгуулах, оюутнуудаа сонгодог урлагтай ойртуулах, оюутнаа энэ чиглэлд хөгжүүлэхэд дөхөм болох үүднээс соёл урлагийнхаа танхимыг ”мини театр” болгоод, 10 сарын 01 гэхэд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн энэ хичээлийн жилд есдүгээр сарыг зөвхөн 1-р курсийн оюутнууддаа зориулсан сар болгоод 9 сарын 1 нд нэгдүгээр курсийн оюутнуудаа хүлээж авсан. 10 сараас хоёроос дээш курсийн оюутнууд маань ирж хичээлдээ ороход бэлэн болоод одоо хүлээж байна.
-Танай сургуулийн нэгдүгээр курсийн 1200 оюутан “Чингисийн талбайг” яагаад угаах болов. Тэр талбайг чинь хариуцдаг, засдаг цэвэрлэдэг улсын байгууллага байдаг. Гэтэл танай сургуулийн оюутнууд очиж цэвэрлэдэг нь ямар учиртай юм. Энэ цэвэр оюутнуудын санаачлага байсан юм уу, эсвэл сургуулийн удирдлагуудын өөрөөр хэлбэл таны санаачлага уу?
-Энэ есөн сар бол манай ХААИС-д шинээр элсэн орсон 2000 оюутны сургалтын болон нийгмийн сайн үйлс өөрсдийгөө хөгжүүлэх, үйл ажиллагаа руу чиглэсэн сар гэж хэлж болно. Есөн сард бид нэгдүгээр курсийн оюутнууддаа англи хэл, комьпютер, хүний хөгжил гэсэн гурван хичээл орж байгаа. Англи хэлний хичээлийг өдөрт 2-4 цаг дээр нь англи хэлийг комьпютерийн хичээлтэй хослуулаад илүү сонирхолтой болгох ийм хэлбэрийг зөвхөн есдүгээр сард оруулаад орхих биш нийт оюутнууддаа англи хэл компьютер гэдэг чинь сурахад амархан, хялбар зүйл байна гэдэг ойлголтыг өгөх суурийг нь тавьж байгаа юм. Энэ хичээл бол бүтэн жилийн турш орно байх. Өнөөдөр англи хэл, комьпютерийн хичээлийг сургалтын программд оруулснаар манай сургуулийн төгсөгч мэргэжлийн хувьд англи хэлний нэлээн өндөр түвшинд хүрсэн сайн мэргэжилтэн гарах суурийг тавьж байгаа хэрэг болов уу гэж бодож байна. Мөн хүний хөгжил хичээлийн хөтөлбөрийг бид сайтар шинэчлэлээ. Хүний хөгжил хөтөлбөрийн хүрээнд оюутан өөрийгөө яаж хөгжүүлэх вэ өөрийн гэсэн хөгжлийн хөтөлбөртэй болохын тулд хөтөлбөрийн сан байгуулсан. Энэ хөтөлбөрийн сангийнхаа хүрээнд есөн сард их сургуулийнхаа орчинд Архигүй, Хоггүй, Цэвэр орчныг бий болгоё гэсэн аяныг зохион байгуулаад явж байна. Энэ аяны хүрээнд манай нэгдүгээр курсын хүүхдүүд зөвхөн кампус дотроо байхаасаа илүү найз нөхдөө уриалаад, нийгмийн хариуцлага ухамсарлая гээд цэвэр оюутнуудын санаачлагаар “Чингисийн талбай”-д цуглараад хөгжлийн хөтөлбөрөө яриад оюутнуудаа хооронд нь танилцуулаад, бүгдээрээ хамтдаа хотоо цэвэр байлгая гэсэн уриалгыг дэвшүүлээд “Чингисийн талбай”-г угааж цэвэрлэсэн сайхан арга хэмжээ болсон. Энэ бол манай оюутнуудын өөрсдийн санаачлага байсан. Мөн манай оюутнуудын зүгээс Туул голын орчныг цэвэрлэх санаачлага гаргасан байгаа. Ер нь ХААИС-ийн удирдлагуудын зүгээс оюутнуудын гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллана.
Ярилцсанд баярлалаа
Б.Ганзориг
Санал болгох мэдээ
Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …