Эхнэр минь гараа урагдтал төрөхийн орон дээр тэмцсэн

Ариунбаяр Баяр-н зураг.

Төрөхийн эмч нарын буруутай үйлдлээс болж нярай гэдсэндээ эндсэн хэрэг Төв аймагт гарсан байна. Энэ талаар “Ариунбаяр Баяр” нэртэй фейсбүүк хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Түүнээс болсон явдлын талаар тодрууллаа. 

Тэрбээр цахим хуудастаа “Би төв аймгийн жирийн нэгэн өрхийн тэргүүн, энэ бол миний эхнэрийн гар. 10 сар хүлээсэн үрээ өчигдөр шөнийн гурван цагийн үед алдлаа. Ус нь гарч эхлээд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Сав нь гүйцэт нээгдээгүй дээр нь эхэс нь буруу байрлалтай эмэгтэйг сэдэлт өгч төрүүлнэ гээд шөнийн гурав хүртэл бүхэл бүтэн  цаг өвдүүлээд эцэст нь эрүүл бойжиж байсан үрийг минь үгүй хийлээ. Эхнэр маань хэдэн удаа хийсвэрээр төрмөөр байна гэхэд нь загинаж уурласаар байгаад ийм зүйлд хүргэсэн эмч хамт олонд гомдолтой байна. Толгойноос нь соруулна гээд 4-5 удаа оролдоод чадаагүй зулайн харагдсаар л байсан. Тэр багаж нь урьд нь ажиллаж байсан үгүйг мэдэхгүй эмч сувилагч байсан. Эхнэр минь гараа урагдтал төрөхийн сандал дээр тэмцсэн. Эцсийн мөчид эмч нар хийсвэр хийлгэе гээд дуудсан боловч амжилтгүй үр маань бүтсэн. Шөнийн 3-6 цаг хүртэл эхнэрт минь дотуур оёдол тавьсан бөгөөд одоо хавдар, хаван цустайгаа холилдон эмнэлгийн орон дээр гашуудаж байна. Та нар яаж хариуцлагаа хүлээх гэж байна. Хоёр хоног өнгөрлөө хариу алга” хэмээн бичжээ. Эх сурвалжаас 13.25 минутын үед холбоо барьж юу болсон талаар ярилцлаа. 

-Танай гэр бүлд тохиолдсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлье. Тэр өдөр юу болсон бэ?

-Энэ сарын 24-ны өдөр 11.00 цагийн үед эхнэрийн ус гараад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт очсон. Яаралтай тусламжийн газар ортол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд хэвтэх бичиг ав гэсэн юм. Тухайн үед аймгийн эмэгтэйчүүдийн хоёр эмч хоёул өрөөндөө байгаа. 14.00 цагийн үед эмч нар ирж үзлэг хийсэн. Өнгөрсөн долоо хоногт үзүүлэхэд 10 дугаар сарын 29-нд төрнө гэж манай эхнэрт хэлсэн байсан. Гэвч хугацаа нь наашилсан байна. Бид эмчээсээ бичиг аваад төрөхийн тасагт хэвтэх гэсээр байгаад 16.00 цаг болчихсон байсан. Уг нь хотод хувийн эмнэлэгт давхар хяналтад байдаг байсан юм. Хувийн эмнэлгийн эмч маань эхэс буруу байрлалтай, төрөхөд хүндрэлтэй байж магадгүй гэж хэлж байсан. Тиймээс төрөхийн тасагт ороод шууд л зүрхний бичлэг хийлгэсэн.

-Хүндрэл байвал кесеров хагалгаа хийдэг биз дээ. Эмч нар яагаад цаг алдсан бэ? 

-Ус нь гарчихсан байхад эхийн савны амсар бүрэн нээгдээгүй гэсэн. Тэгээд хүчээр сэдэл өгч өвдүүлж эхэлсэн. Урагт 4-5 удаа зүрхний бичлэг хийсэн. 19.00 цагийн үед эхнэр над руу залгаад “өөрөөрөө төрж чадахгүй байна. “Кесеров хийлгэе” гэж хэлсэн. Гэтэл үгүй гэлээ” гэж ярьсан. Тэгэхээр нь би гуйж байгаад дотогш ороод эхнэртэйгээ шөнийн 02.00 цаг хүртэл хамт байсан юм. Энэ үед бид эмчид хэд хэдэн удаа кесеров хагалгаа хийлгэе гэж гуйхад эмч эрс дүргүйцэж байсан юм.

-Тэгээд юу болсон бэ?  

-Эхнэр минь төрөхийн орон дээр бүтэн гурван цаг өөрөөрөө төрөх гэж оролдсон. Сүүлдээ тамиргүй болсон байсан. Төрөх үйл явцыг эмэгтэйчүүдийн эмч н.Батцэцэг хариуцаж байсан юм. Тэгээд “за болохгүй юм байна. Наанаас нь давхар соруулж татья” гээд эхнэр бид хоёроор гарын үсэг зуруулж авсан юм. Хүүхдийг татахад тархинд цус харвадаг гэж тайлбарласан л даа. Тэгээд багажаа угсархад ажиллахгүй байсан. Дараа нь кесеров хийхэд нэгэнтээ оройтсон хүүхэд доошилсон гэсэн юм. Хүүхдийн толгойд ломбо хийж татахад тэр нь мултраад байсан. 4-5 удаа оролдоод чадаагүй. Хүүхдийн минь зулай харагдаж байсан шүү дээ. Энэ үед эмч нар хүүхэд багтахгүй байна гээд хайч аваад хайчилсан. Эхнэр минь аль чадахаараа л хичээж байсан. Төрөх сандалны бариул хэсэг нь хамгаалалтгүй төмөр байсан учир гар нь хүртэл шалбарч зүсэгдсэн байсан. Надад харахад үнэхээр хэцүү байсан. Энэ үед н.Батцэцэг эмч 103-ын эмчээс тусламж хүсэн дуудсан. Ингээд л хүүхдийн минь зүрхний цохилт буурч эхэлсэн. Тэгээд хүүхдийн зүрх зогссоны дараа кесеров хагалгаагаа хийсэнд харамсаж байна.

-Яагаад кесеров хийгээгүй юм бэ. Эмч юу гэж тайлбарласан юм?

-Хүүхдийн маань зулай харагдсаар байхад эмч нар аварч чадаагүй дээ. Дараа нь өглөөний 06:30 минут хүртэл эхнэр хүүхэд хоёрын хүйн холбоог тасалж оёдол тавьсан. Эмч нар нь даргад аа “Хүүхэд бүтэлттэй ирсэн. Эхийг аварлаа” гэж хэлсэн байсан. Батцэцэг эмч хэлэхдээ “эхийн  сэтгэл санаа бэлэн биш өөрөөрөө төрж чадах юм уу” гэсэн. Тэгсэн мөртлөө кесеров хийж өгөөгүйд харамсаж байна.

Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Эхнэр маань сэтгэл санаагаар унаж өчигдрөөс хойш юм идээгүй. Биеэ даахгүй, тамиргүй байгаа. Энд тэнд хүүхдүүд уйлалдаад эхнэр бид хоёр хямраад хэцүү л байна. Оёдлоосоо болоод их өвдөж бас сэтгэл санаагаар их унасан байдалтай эмчлүүлж байна.

Э.Ариун

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …