МҮЭХ: Ирэх мягмар гаригт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Монголын үйлдвэрчний холбооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018  улсын нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. МҮЭХ-ны зүгээс Засгийн газар төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлаар тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар боллоо. Мөн Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэгдүүлэх тодорхой санал гаргахгүй тохиолдолд салбарын ҮЭ-үүд тэмцлээ үргэлжлүүлж хуулийн хүрээнд ажил хаях нөхцөл байдал үүссэн гэдгийг онцоллоо.

Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг тэргүүтэй салбарын ҮЭ-ийн холбооны төлөөллүүд хэвлэлийн хуралд оролцлоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭХ-оос Засгийн газарт төрийн албанд ажиллагсдын цалин хөлс, тэр дундаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг байх ёстой гэсэн шаардлагын дагуу хэлэлцээрт орсон. Хэлэлцээрийн эхний өдөр буюу энэ мягмар гаригт Засгийн газарт бид цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар шаардлага тавьсан. Тухайлбал ирэх оны төсвийн тодотголд цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хэлэлцүүлэх санал гаргасан. Харамсалтай нь төсвийн тодотголоор шийдэх асуудлыг тухайн ажилтны сахилга хариуцлага, ажлын үр дүн гэсэн шалгууруудыг давж байж урамшуулал хэлбэрээр олгох тухай яриа гарсан.

2017 оны улсын төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албанд ажиллагсдын цалин дээр урамшуулал, нөхөн олговор болгож өгөх талаар яригдсан. Энэ саналыг Засгийн газрын зүгээс тавьсан. Тийм учраас МҮЭХ-оос цалин хөлс нэмэх асуудлыг урамшуулал хэлбэрээр бус бодит орлогыг нэмэгдүүлэх үр дүнтэй санал гаргаасай гэж Засгийн газраас хүссэн.

Хоёрдугаарт 2018 оны төсвийн төслийн хүрээнд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар бидний шаардлагад нийцсэн санал гаргаагүй учир өчигдрөөс эхлэн гурван талт хэлэлцээрийг албан ёсоор завсарлуулсан.

Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тодорхой санал шийдвэр гаргасан тохиолдолд бид хэлэлцээрт орно. Тиймээс одоогоор хэлэлцээрт орох боломжгүй. Энэ оны есдүгээр сарын 19-ны өдрөөс эхэлсэн хөдөлмөрийн хамтын маргаан гүнзгийрч, Арбитрын шүүхийн шатанд явж байна. Хэрвээ Засгийн газар бидний тавьсан шаардлагыг үл ойшоож дорвитой санал гаргахгүй бол МҮЭХ тэмцлийнхээ хэлбэрт шилжинэ. Өөрөөр хэлбэл бид нар хуулийн дагуу олгогдсон эрхийнхээ хүрээнд ажил хаялт зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлнэ” гэв.

Э.Ариун 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …