Богдын Засгийн газар Дамбийжанцанд ингэж хэд хэдэн удаа шан харамж хүртээж, Монгол улсын баруун хязгаарын олон монголчуудыг Богд хаант улсад нэгтгэх, хилийн хавийн нутгаар орших тэнүүлчдийг устгах, улсын хилийн халдашгүй байдлыг сахиулах, Баруун зүгээс ирэх гаднын хүчийг таслан зогсоох зэрэгт түүнийг ашиглаж байсан ба харин Дамбийжанцангийн хувьд бол Богд хаан болон түүний засгийн газарт өөрийн хүчээ өгч Богд хаан, Монгол улсын Засгийн газрын итгэлийг олж Баруун хязгаарт өөрийн нэр нөлөөг бэхжүүлэхийг чин сэтгэлээсээ хичээж байлаа.
Богд эзэн хаантнаас өндөр шан хүртсэн Дамбийжанцангийн нэр хүнд ихээхэн өсөх болсон учир Халхын Засагт хан аймаг, Дөрвөдийн Зүүн, Баруун хоёр аймгийн олон засаг ноёдын нилээд нь өөрийн харьяат хошууны тайж, ард, болон лам хуврагуудыг хүрээ хийдийнх нь хамт шавь болгон өргөсөн учир түүний харьяат хүн амын тоо нилээд өссөнд тэрбээр өөрийн шавь ардыг нэг нутагт нутаглуулахаар зорьж Дотоод яамаар дамжуулан Богд эзэн хаан Жибзундамба хутагтад айлтгасанд Богд хаан түүний хүсэлтийг ёсоор болгож нутаг олгосон байна. /МУҮТА, Х-А173, Д-1, ХН-111 4-р нугалбар/ Дамбийжанцан бээр өөрийн шавь нарыг тусгайлан засаг байгуулж /МУҮТА, Х-А3,Д-1,ХН-413 3-р бичиг/, урьдын Бат ерөөлт Далай хан Галсаннамжилын хүү тайж Түмэнбадам-Аюурзанаар /МУҮТА, Х-А3 ,Д-1, ХН-413 2-р бичиг/ өөрийн шавь ардыг захируулахыг эрж Монгол улсын Засгийн газарт хандаж, улмаар өөрийн хүсэлтийг шийдвэрлүүлж чадсан юм. Мөн Богд хаант улсын Засгийн газраас тайж Түмэнбадам-Аюурзанад шинэ засгийн тамгыг олгож, мөн түүнд засаг улсад туслагч гүнгийн хэргэм үе улиран залгамжлуулсан аж. /МУҮТА,Х-А2,Д-1,ХН-125, 27-р бичиг/ Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамба хутагтаас нилээд их шан харамж хүртсэн сайд ноён хутагт Дамбийжанцан бээр Богд эзэн хаанд хүндлэл үзүүлж нилээд хэдэн удаа есөн цагааны бэлэг хүргүүлж байжээ.
Сайд ноён хутагт Дамбийжанцан Богд Жибузандамба хутагтад өөрийн зүгээс хувийн захидлыг хэд хэдэн удаа өргөн толилуулсан ба ихэнх захидлынх нь гол агуулга тухайн үеийн Монгол улсын баруун хязгаарын болон хилийн чанад дахь нөхцөл байдал, Цагаан түнгэнд байрласан хятад цэргийн тухай хөндөж танилцуулсан байдаг.. Сайд ноён хутагтаас Богд хаанд явуулсан тэдгээр захидлаас зөвхөн нэгийг нь Та бүхэнд толилуулъя. Тэрбээр бичихдээ “Доорд шавь Да наманчилан Авралт оройн дээд Очирдара Богд багш таныг шинэ жилийн түмэн амгаланг эрж алтан өлмийн доор мөргөн өргөв, Энэ учраа. Дээд номын гурван бие бүрдсэн гэгээн лагшин тогтом тунгалаг аливаа таалсан шашин амьтны тус хэрэг таалалчилан дэлгэрсээрийг шавь даруй наманчилан мэдэх бөлгөө. Энд доорд шавь би Авралт багш таны гэгээн нигүүлслэлд цаг бүр итгэн наманчилсаар сайн буйгаас шинэ жил орж түмэн бодис хөврөн дэлгэрч түгээмэл их баяр дэлхий дахинд дүүрч ялангуяа багш таны түмэн өлзий бум түмэн онд батдаад хамаг амьтан нэг ч хоцролгүй түүн лүгээ учраж амьтны тус бүгдээр ертөнцийн зургаан ихэс лүгээ адил болох бат ерөөлийг айлтгаж шинэ жилийн их баярын ёсоор тавин лангийн мандалыг хадаг нугалаанд дашлуулан дээд амгаланг эрж өргөв.Сайн өдөр Жич: давшуулан сонсгох нь, саяхан үүний урьд элдэв зүйлийг бичиж өргөсөн нь нэгэнт толилсон болох бөгөөд, эдүгээ энэ Алтайн давааны янад Цэнхэрийн амны газраа шавь Ма-ийн хамт бүх цэргийг авч буудлажээ. Багш таны авралаар ханиад томуугүй тэнгэрийн цаг ээлттэй бүгдээр хиймортой сайн байна. Бүгд цэргийн тоо гурван мянга илүү хүрч буй. Мөн Баруун хоёр аймгийн цэргийн дутуу дараа дараагаар ирцгээж буй сураг буй нь дан удахгүй бололтой. Баруун хятад цэрэг мөнөө цагаантүнхэнээс хоёр тасарч бүгд гурван газраа буудлаж буй ба басхүү Гүчений зүг харилцан нааш цааш хүн явж тасрахгүйн хоёр зуун морьтой цэрэг нэмэн иржээ хэмээсэн дээр одоо бас нэмэх мэдээ ирсэн нь Цагаан түнхэний газраа хоёр мянга бас хойд хороонд нэг мянга таван зуун цэрэг ирэв хэмээн мөн мэдүүлжээ.
Ийнхүү байдал төлөвийг үзвээс санаа хэвээр лав халдах байдал дүрс буй болов уу гагцхүү Ховдын шинэ тушаалын консул болбоос биеэр явц тэрхүү хятад цэргийг ятгаж буцаах ба Өрөмч, Гүчэний зэрэг газраар одож олон хятад сайдууд лугаа зөвлөлдөж элсүүлэх аргыг хичээсүгэй хэмээсний тулд эл бүхий хэргийн байдал дүрсийг тодорхойлон гаргаж айлтгасны тул сургах Зарлигийн хүлээлцэж буйн дээр одоо шавь Да нарын газраас мөнхүү тэдний хятад цэргийн тэргүүлэгчидэд ухуулах бичиг өгөх, үл өгөхийг мөнхүү консул сайдад зөвлөж явуулав хараахан хариу ирээгүй хүлээлцэн буй бас үүний урьд хасгийн Бардамыг бариулж ирүүлэхээр нэгэн зуун цэрэг мордуулсан нь одоо харьяат цэргийг захирсан манай түшмэдээс өргөсний дотор Бардам даруй нааш дагаар орохоор биеэр ирж батлан хэлж уналга морь мал үлэмжхэн туслуулах хэмээснийг цугларч ирэхийг хүлэглэжин буй ба бас бүгд нэг мянган илүү эрх хасаг цөм дагалдан орох аяс буй хэмээн хэлэлцгээж буй учрыг мэдүүлжээ. үүнээс өөр сонин болгон давшуулах зүйл энэ удаа үгүй явдлыг хамтаар гаргах давшуулан сонсгов.” хэмээсэн байдаг.
Богд эзэн хаан Жибзундамба хутагтаас хэд хэдэн удаа өндөр их хэргэм зэрэг, ямба, эрх мэдэл хүртсэн тэрбээр сүүлдээ өөрийн эрх сүр, албан тушаалаа урвуулан ашиглаж, Баруун хязгаарын олон монголчуудыг хэт дарангуйлах болсноор Баруун хязгаарын олон монголчууд хутагтын үйл ажиллагааг эсэргүүцэх болсон юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу