Зоонозын гаралтай халдварт өвчнийг хээрийн нөхцөлд богино хугацаанд оношлох боломж бүрдлээ


ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ЗӨСҮТ-тэй хамтран “Монгол – Оросын нутагт хил залгасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг судлах, тархвар судлалын эрсдлийг бууруулах” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс тус төвд хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53.100.000 төгрөгний үнэ бүхий иж бүрэн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ: Дэлхий дахинд Эбола, Зика, шувууны томуу зэрэг шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Сүүлийн жилүүдэд зоонозын шалтгаант өвчин хил дамжин тархаж, олон оронд зөөвөрлөгдсөн нь “халдварт өвчинд хил хязгаар үгүй” бөгөөд үүнтэй тэмцэхэд хөрш орнуудын мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна. Үүний нэг илрэл нь Зоонозын өвчин судлалын үндэсний төв хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй ная гаруй жил хамтран ажиллаж, зоонозын өвчнийг тандан судлах, өвчний төлөв байдлыг тогтоох, мэдээлэл солилцох, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. ОХУ-д тарваган тахал өвчин шинээр сэргэж байгааг тус улсын мэргэжлийн байгууллагууд албан ёсоор зарлаж, уг өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа өнөө үед “Монгол-Оросын нутагт хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тархвар судлалын эрсдэлийг бууруулах” 3 жилийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, цаг үеэ олсон чухал арга хэмжээ байна гэлээ.

 Эх сурвалж:ЭМЯ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …