Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн этгээдэд хариуцлага тооцохоор боллоо

Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргилд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцохоор боллоо.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд баримт бичгийн үзлэг хийх болсон талаар урьдчилж мэдэгдсэний дагуу 2017 оны аравдугаар сарын 27-нд очиход хамгаалалтын албаны хамгаалагч П.Мөнх-Оргил “зөвшөөрөл аваагүй” үндэслэлээр яамны байранд нэвтрүүлээгүй аж.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “…Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус аливаа байгууллага албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байдаг.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.”, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал … түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж заасны дагуу аливаа төрийн байгууллага, албан тушаалтан шүүгчийг нэвтрүүлэх, үзлэг хийх боломжоор хангах үүрэгтэй.

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох байгууллагуудад дахин ийм зөрчил гаргахгүй байхыг сануулж, албан бичиг хүргүүлжээ.

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХЭЛТЭС

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …