<Хүн хэлээрээ, мал хөлөөрөө>
Хүн нэгийн үгийг сонсон хөхөн баясаж, нөгөөгийн өгүүлэхийг дуулж гуньж гутан, айж эмээнэ. Сэтгэл баясгаж, урмас бадраах яруу утгас, санан санан гомдож, бодон бодон хирдхийх эмзэг ухааныг цөм л үгээр илтгэнэ.
Ингэхлээр үг гэгч орчлонгийн нэг их хүчтэн аж. Тиймээс хүнд хэлэх үгийг болгоомжил гэсэн сургаал үүсэн “Олны дотор үгээ бэхэл, ганцаар явахдаа сэтгэлээ шинж” гэсэн мэргэн үг, үг эс авах хүнийг “Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, үнсэнд хаясан сувд хоёр адилхан” гэх уран зүйр үг дэлгэрчээ.
Чиний эгэл нөхөд, онцлон ёсолж хүндлэх ачит аав, ээж, эрдэмтэн багш, удирдах албаны хүн, алс холын эрхэм зочныг урих хэрэг мундахгүй гарна. Тэр олон янзын хүнийг хүлээж хүндлэх элдэв эрэмбэ ёс заавал хэрэгтэй болно.
Түүний тул чиний зайлшгүй мэдвэл зохих хэдэн үгийн утгыг энд тайлбарлая. Нэг үгэнд голдуу гурав, дөрвөн утга байхын дээр хэнд зориулж хэлэхэд бас ялгавар буй. Тухайлбал:
Урихад: Залах, урих, оруулах
Ор суу гэхэд: Морилж айлд, морилогтун, суугаарай, суугаач, суу, ор
Ид уу гэхэд: зооглож айлд, тогтоож айлд, идээрэй, уугаарай, тогтоочих, идээч, уугаач, ид, уу
Унтахад: Нойрсож айлд, нойрсогтун, унтаарай, унтаач, унт
Босоход: Дээшилж айлд, дээшлэгтүн, босоорой, босооч, бос
Хүндэлсэн нэр, Энгийн нэр
Алдар, нэр
айлдвар, үг
бараалхах, уулзах
Баринтаг, дээл
Барих, өгөх
Болгоох, үзэх, хянах, зөвшөөх
Залах, урих
Лагшин, бие
Орд, өргөө, гэр
Сархад, архи
Сонор, чих
Тольдох, анхаарах
харамж, үнэ
Эмээх, айх
ялгуух, дийлэх
Ийнхүү элдэв үгийг олон янзаар хэлж болох юм.
Яриа: –Та хөргөө хайрлана уу? (Та зургаа өгнө үү)
-Таныг би гэртээ залах гэсэн юм.
-За гялайлаа.
-Та их алжаав уу?
-Бат гуайн мэлмий нь дөлгөөн, мутар нь уран, дүр нь амгалан, ёстой л нэг гийсэн хүн дээ. (Бат гуайн нүд нь намуун, гар нь уран, царай нь амгалан ёстой л нэг төрсөн хүн дээ)
эх сурвалж: “Хамгийн эрхэм ёсон” Х.Нямбуу