Төрийн байгууллага тэр дундаа Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс Сүхбаатар дүүрэгт байрлах зочид буудалд толгой хорогдож, иргэд үйлчилгээгээ үзүүлж байна гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл хэллээ.
Тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа дүүргийн тамгын газарт байрлаж байсан боловсролын хэлтсийг өнгөрсөн наймдугаар сард хамтран ажиллах боломжгүй хэмээн байрнаас нь гаргаснаар өнөөдөр иргэд, багш нар ийн дүүрэг дамжин чирэгдэж байна гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн байрлаж буй зочид буудал
Баянзүрх дүүрэгт үүссэн асуудал үүгээр дууссангүй. Өчигдөр Баянзүрх дүүрэгт Ардчилсан Намаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид дүүрэгт нь үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Харин өнөөдөр МАН-аас ямар үйл явдал өрнөж буй талаар мэдээлэл хийх үеэрээ дээрх мэдээллийг өгсөн.
Г.АТАРМАА: АН-ЫН БҮЛЭГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙЖ, ТАШАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА
Мөн сонгуулийн хууль зөрчсөн АН-ын нэр бүхий маргаантай байгаа долоон нэр дэвшигчтэй холбоотой асуудал шүүхийн шатандаа хэлэлцэгдэж байхад удаа дараа хуралдаан зохион байгуулж, Засаг даргад нэр дэвшүүлж байгаа нь хууль бус. Засаг даргыг батламжлуулахаар жагсаал хийж, нийгэмд буруу ойлголт төрүүлж байна гэдгийг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Г.Атармаа хэллээ.
Мөн маргаантай байгаа долоон төлөөлөгчийн асуудлыг шүүхээр шийдвэрлэж дуусах хүртэл хүлээцтэй хандаж байгаа ч удаа дараа хууль бус үйлдэл хийж, олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаа учраас өнөөдөр ийн хэвлэлд хандаж байгаа гэв.
Наймдугаар сарын 29-ний өдөр тэд АН-ын бүлэгт маргаантай байгаа долоон төлөөлөгчөөс бусад сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 34 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдах шаардлага хүргүүлжээ. Шаардлагыг хүлээн авбал МАН-ын 19 төлөөлөгч хуралд суух талаараа мэдээлсэн байна.
АН-ын бүлгийн хуралдааныг хууль бусаар, нууцаар хуралдаж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж улайрч байна гэв.
Харин дүүргийг хоёр хуваах тал дээр АН-ын бүлгээс тооцоололгүй шийдвэр гаргаж төрийн эрхийг хуваах, үрэлгэн зардал гаргах шийдвэр болно гэсэн бол Г.Атармаа “Иргэдийн дунд төрийн эрхийг хуваах, мөнгө үрсэн асуудал гэж хараад байна. Гэтэл нийслэлийн хүн амын 16 хувь нь оршин суудаг манай дүүргийн иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах, хөгжих үндэс нь дүүргийг хуваах” гэсэн тайлбарыг өгсөн.
Б.ГАЛЦОГ: Д.ПҮРЭВДАВАА ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛЫГ ДЭЭД ЦЭГТ НЬ ХҮРГЭСЭН
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахь МАН-ын бүлгийн төлөөлөгч Б.Галцог үүсээд буй нөхцөл байдал хуучин Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой гэв. Түүний гаргасан хууль бус шийдвэрээс болж өнөөдрийг хүртэл дүүргийн иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй, Баянзүрх дүүрэгт засаглалын хямралыг дээд цэгт хүрсэн гэдгийг онцоллоо.
Эх сурвалж:gogo.mn