БНСУ-д оршин суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохоор болоод буй. Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна.
Учир нь тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, монголын бүх нууцыг мэддэг хүнээ ийнхүү харь улсад Элчин сайдаар илгээлээ хэмээн эгдүүцэж байсан юм.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэр анхны тохиолдол биш байжээ. Тодруулбал, тагнуулын байгууллагад ажиллаж байсан эрхмийг Элчин сайдаар илгээсэн тохиолдол өмнөх Засгийн газрын үед ч гарч байсан аж.
Тухайлбал,
Равдангийн Болд. Тэрбээр 2007 оноос 2012 он хүртэл 5 жилийн хугацаанд ТЕГ-ын даргаар ажиллаж байв. Түүнийг С.Баяр Ерөнхий сайд болонгуутаа Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилж байсан.
- Мөн ТЕГ-ын дарга Д.Гэрэл БНСУ-д Элчин сайд,
- ТЕГ-ын дарга асан Р.Болд АНУ, Авсрали, БНТУ-д суух Элчин сайд,
- ТЕГ-ын дарга асан генерал н.Сандаг Канад, БНЭУ-д суух Элчин сайд,
- ТЕГ-ын дарга н.Батсайхан ОХУ-д суух Элчин сайд
- ТЕГ-ын дарга асан бэлтгэл хурандаа Ч.Болд Египет улсад суух Элчин сайд,
- ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга С.Цоггэрэл Болгарт суух ЭСЯ-нд атташе, ОХУ-д ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга, Чех улсад Элчин сайд, Хойд Солонгост Элчин сайдаар тус тус томилогдож, өөрийн улсаа төлөөлөн сууж, иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлж ирж байжээ.
Б.Анир
Zaluu.com