Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25 ширхэг тусгай гэрэл дохио хураан авч, 25 зөрчлийг засуулсан байна.
Мөн тусгай дуут болон гэрэл дохио ашигладаг төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйлчилгээний зургаан автобаазын 778 тээврийн хэрэгслийг шалган 102 зөрчил илрүүлж, зөрчлөө засч хариу мэдэгдэхийг үүрэг болгожээ.
Цаашид “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Ингэснээр зөвшөөрлийн тоо дахин 500 гаруйгаар цөөрнө гэж ЦЕГ тооцжээ.