“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо. Энэ удаагийн дугаарт Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар оролцож, арван хоногт хэн нь бага зарцуулахаар өрсөлдсөн юм.
Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана гэж байсан.
Ингээд тэмцээний сүүлийн өдөр буюу 10 дахь өдөр ялагчийг тодруулахад тэрэгчин Т.Батхүү 320 төгрөгийн зөрүүгээр ялагч болж, гурван сая төгрөгийн эзэн боллоо. Мөн үүгээр зогсохгүй түүний өрсөлдөгч С.Дэлгэр “Охиныхоо сургалтын төлбөрт зарцуулаарай” хэмээн 500 мянган төгрөгийг бэлнээр өгсөн юм.
Өмнөх дугааруудад олны танил эрхэмүүдийг оролцуулдаг байсан бол энэ удаа ард түмний дундаас оролцогчдыг сонгож оруулсан онцлогтой дугаар болж өнгөрлөө. Үзэгчдийн зүгээс ч тэрэгчин Т.Батхүүг тэмцээний ялагч болоосой хэмээн найдаж байсан буй заа.