Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “Оддын академи” шоуг “Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болсон. Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм.
Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсераар Монголын урлагт нэр хүндтэй эрхмүүд сонгогджээ. Тухайлбал продюсер Б.Наранзун, реппер Big Gee, “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун нар хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Оддын академи” шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсер болжээ.
Эхний шатанд шалгарсан 12 охид хамт амьдарч, хамтдаа суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх юм. Мөн нэвтрүүлгийн ялагч болсон охидын хамтлаг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хийх эрхтэй болох юм.
Монгол шинэхэн охидын хамтлагийг төрүүлэх “Оддын академи” шоу нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр цацагдаж эхлэхэд гурван хоног үлдлээ.